Байнгын хорооноос тэтгэврийн зээлгүй ахмадуудын асуудлыг ч анхаарах нь зүйтэй гэдэг чиглэл өгөв

Байнгын хорооноос тэтгэврийн зээлгүй ахмадуудын асуудлыг ч анхаарах нь зүйтэй гэдэг чиглэл өгөв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол "Нийт 229 мянган тэтгэврийн зээлтэй иргэн байгаа гэдэг судалгаа байна. Үүний 207,890 нь зургаан сая хүртэл төгрөгийн зээлтэй бөгөөд нийт зээлтэй иргэдийн 91.5 хувийг эзэлж байгаа. Тиймээс зээл тэглэх асуудлыг энэ хүрээнд хязгаарлалт тогтоох нь зүйтэй юм. 

Мөн зээл аваагүй 192 мянган ахмад настан байна. Тэдэнд зориулсан бодлогыг ч ямар нэгэн байдлаар боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг боловсруулах чиглэлийг байнгын хорооноос өгч байна. Ер нь энэ асуудлыг цогцоор нь ярих нь зүйтэй. Нийгмийн уур амьсгал, хүлээлт ч ийм байгаа.  

Тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохгүй байх асуудал орж ирсэн. Ажлын хэсэг гурав юм уу зургаан сараар урьдчилж авч болно гэдэг байдлаар оруулж ирэх чиглэлийг мөн өгч байна" гэлээ. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө