Охидын үхэлд Дарханы засаг дарга С.Насанбат ч ХАРИУЦЛАГА хүлээж, ажлаа өгөх ёстой

Охидын үхэлд Дарханы засаг дарга С.Насанбат ч ХАРИУЦЛАГА хүлээж, ажлаа өгөх ёстой

Уншигч та бүхэн санаж буй бол өнгөрсөн сарын 24-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс бүх шатны сургууль, цэцэрлэгийг ирэх сарын 02-ны өдөр хүртэл амраах шийдвэрийг гаргасан билээ. Энэ бол болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн төрийн анхны шийдвэр байв.

-ХАРИУЦЛАГАГҮЙ ЯВДАЛД ЗӨВХӨН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙГ
АЖЛААС НЬ ХАЛААД ӨНГӨРӨХ НЬ ЗӨВ ҮҮ-

Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулж, тухайн үед БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хөл, хорио тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль, цэцэрлэгтээ очих шаардлагагүй. Өөрсдийн буй газраас сурагчидтайгаа холбогдон заавар, зөвлөгөө өгч ажилласан цагаа тооцуулж цалингаа авна” гэж тусгайлан мэдэгдсэн. Салбарын сайд нь “Багш нар заавал сургууль, цэцэрлэгтээ очих шаардлагагүй” гэж мэдэгдсээр байхад сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар багш нарыг дуудаж ажиллуулсаар байна гэх шүүмжлэл байсан.

Энэ хэл, ам намжаагүй байтал яг дээрх алдаанаас болж гурван жаахан охин гэртээ амиа алдсан харамсалтай хэрэг Дархан-Уул аймагт өнгөрсөн долоо хоногт /2020.02.05/ гарч олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн билээ.

Охидыг ээж нь харгалзах хүнгүй үлдээсний дараа гэрт нь ус алдаж, цахилгааны утастай нийлснээс үүдэн гурван жаахан хүүхэд тогонд цохиулсан гэж буй. Хорь гаруйхан настай амьдарлаа босгохоор зүтгэж яваа хосын гурван дэрсхэн охин харуулсалтайгаар гэртээ амиа алдахад хүргэсэн олон шалтгаан, нөхцөл бий. Охидын ээж н.Алтанзул цэцэрлэгт үйлчлэгч багшаар ажилладаг бөгөөд хэрэг гардаг өдөр эрхлэгч нь "Цэцэрлэгийн ойн баярт бэлтгэнэ" хэмээн дуудсан байдаг. Дарга дуудсан учир аргагүйн эрхэнд бяцхан үрсээ гэрт нь цоожилж үлдээгээд гурван цаг ажиллахад л энэхүү золгүй явдал болсон байв.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЖ, ХЭРЭГЖИЛТЭД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХАРИУЦЛАГААС СУГАРЧ ҮЛДЭХ ҮҮ-

Уг хэрэгт Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг буруутган үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг Засгийн газар, Салбарын яамны шийдвэр гараад байхад цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, бүр баярын арга хэмжээнд багш, ажилчдыг дайчилсан хэмээн буруутгаж буй.

Гэхдээ уг хэрэгт ганц цэцэрлэгийн эрхлэгч бус бусад Засгийн газрын шийдвэрийг орон нутагт гүйцэтгэх, хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй албан тушаалтнууд ч хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлэх хүмүүс олон байна.

Улс орон даяар сургууль, цэцэрлэгийн хөл хорио, тогтоож олон нийтийг хамарсан арга хэмжээг хорьсон байхад Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат Засгийн газрын шийдвэрийг албан байгууллага, айл өрхүүдэд нэг нэгэндгүй маш тодорхой дамжуулан хүргэж хэрэгжүүлж болох байсан. Тэр ажлаа дутуу хийсэн. Боловсролын байгууллага болон сургууль, цэцэрлэгийн захирлуудыг дуудаад хатуу анхааруулж мөн болох байсан.

Нэгдүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж коронавирусээс сэргийлэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэрийн дагуу бүхий салбарын дарга нарт үүрэг, чиглэл өгснийг 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан яагаад мэдээгүй байсан нь анхаарал татаж байна.  

Өөрийнх нь удирдаж буй аймагт бүхэл, бүтэн цэцэрлэг ажиллаж байсныг тэр мэдэх ёстой байсан. Хэрвээ хараа, хяналт, сонор, сэрэмж өндөр байсан бол гурван охин харамсалтайгаар амиа алдахгүй ч байж болох байв.

Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр гурван бяцхан зүрх зогссоны дараа шуурхай ажлын хэсэг гарган ажилласан. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд шууд томилогддог, Засгийн газрын бүтцэд хамаарагддаг аймгийн Засаг дарга ийм хариуцлагагүй байж болох уу. Уг хэрэгт ганц цэцэрлэгийн эрхлэгчийг халаад зогсохгүй аймгийн засаг дарга С.Насанбат, Боловсролын газрын дарга Б.Гантулга зэрэг бусад албан тушаалтнууд ч хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой. Манайхаас өөр ёс зүй өндөр хөгжсөн оронд аль хэдийн уучлалт гуйгаад ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Гэтэл манайд “Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг ажиллахгүй байх чиглэл өгсөн” шүү дээ гээд өөрсдийгөө хамгаалаад суугаад байж болох уу.  




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө