Л.Мөнхтүшиг: Улаанбаатарт ирэх нислэгт халуурсан иргэдийг суулгахгүй

Л.Мөнхтүшиг: Улаанбаатарт ирэх нислэгт халуурсан иргэдийг суулгахгүй

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.02.23/ шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр Гадаад хэргийн яамны Консулын газраас БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан холбогдох мэдээллийг дамжууллаа.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "БНСУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй Элчин сайдын яам болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Өмнөд Солонгос улсад 48,100 гаруй монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24,800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан бөгөөд холбогдох мэдээллүүдийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч байна. ЭСЯ болон Бусанд байгаа Консулын газар уртасгасан цагаар ажиллаж байгаа.

Мөн Улаанбаатар рүү явж буй нислэг бүрд давхар хяналт тавьж байгаа. Түүнчлэн онгоцонд суухаас өмнө хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг нислэгт суулгахгүй” гэлээ.

БНСУ-аас гадна Италид халдварын тоо нэмэгдэж 78 болсон. Зөвхөн БНСУ гэлтгүй гадаадын улсуудад зорчиж буй иргэд анхаарал сэрэмжтэй байхыг мөн  БНСУ-аас ирж буй иргэдийг 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг санууллаа.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө