Солонгост амьдарч буй Монгол иргэн М.Наранмандах: Энд иргэдээ хий айдаст автуулахгүйгээр яг бодит мэдээллийг хүргэж байна

Солонгост амьдарч буй Монгол иргэн М.Наранмандах: Энд иргэдээ хий айдаст автуулахгүйгээр яг бодит мэдээллийг хүргэж байна

БНСУ-д манай улсын 49 мянган иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Суурин амьдарч, ажилладгаас гадна богино хугацааны аяллын болон эмчилгээний визтэй олон иргэн ч бий билээ. Хамгийн олон монгол хүн амьдардаг тус улсад шинэ коронавирусийн халдвар тархаж энэ сарын 15-ны өдрийн өглөөний байдлаар нийт 8162 иргэн халдвар авч, 75 хүн нас барж, 834 хүн бүрэн эдгэрээд байна.

Халдвар авагчдын тоо нэмэгдэж өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй тус бүс нутгаас монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг Засгийн газраас хийж эхэлсэн. Тухайлбал хүндэтгэх шалтгаантай 250 иргэнийг эхний ээлжинд татаж өчигдөр /2020.03.15/ эх оронд нь авчирсан.

Цаана нь ч мөн эх орондоо ирэх хүсэлтэй олон иргэн бий гэж албаныхан хэлж буй. www.isee.mn сайт БНСУ-ын Гуанжу хотын Хунам их сургуулийг сэтгэл судлалын мастерын зэрэгтэй төгссөн М.Наранмандахтай холбогдож тэндхийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Түүний хувьд нөхөр, охины хамтаар БНСУ-д сурч, ажиллаж амьдарч байна.  

-МАСКИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 50 ХУВИАР ХЯМДРУУЛЖ
ЗАРАХ АЖЛЫГ ТӨРӨӨС НЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш БНСУ-д тэр дундаа таны амьдарч буй хот ямар нөхцөл байдалтай болсон бэ. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрууд ямар зохион байгуулалтад орсон  байна?

-Энд амны хаалт буюу маскны олдоц багассан. Гэхдээ N95 маскийг зах зээлийн үнээс 50 хувиар хямдруулж, нэг ширхэгийг нь 1500 вонноор худалдаж байна. Энэ ажлыг төрөөс нь зохион байгуулсан. Нэг хүнд долоо хоногт хоёр ширхэгийг л өгдөг. Ингэхдээ төрсөн оныхоо сүүлийн дугаараар авдаг тогтсон өдөртэй. Тухайлбал, 1977 оныхон мягмар гаригт маск авах эрхтэй. Энэ мэтчилэн маскийг тарааж байна. Гэхдээ зөвхөн бичиг, баримттай иргэдэд л өгч байна. Хууль бусаар ажиллаж буй хүмүүс авч чадахгүй. Автобус, дэлгүүр бүрт гар ариутгагчтай байна. Иргэдийг гараа ариутгахыг байнга шаардаж, уриалж байгаа. Ер нь маш зохион байгуулалттай ажиллаж байна. Их, дээд сургууль онлайнаар хичээллэж байна. Багш нар хичээлээ онлайнаар видео хэлбэрээр тавьсан. Харин бага, дунд сургууль, цэцэрлэгүүд бүгд хаасан. Гэхдээ өдөр өнжүүлэхүүд ажиллаж байгаа гэсэн. Манай хотын хувьд дэлгүүрт бараа, материал хомсдоогүй л байна. Үнийн өсөлт ч гайгүй байгаа. Яг халдварын голомт Дэгү хотод нөхцөл байдал ямар байгаа талаар сайн мэдэхгүй байна.

-Мэдээж хөл, хорио тогтоосон байх?

-Хотуудаас гарах, орох бүх хөдөлгөөний хязгаарласан. Энд хөл, хориог маш сайн тогтоосноос гадна судалгааг тал бүрээс нь хийж түүндээ тохирсон арга хэмжээнүүдийг авч хэрэглэж байгаа нь мэдэгдэж байна. Миний хувьд охиноо Их сургуулийн дэргэдэх том эмнэлэгт эмчлүүлж байсан. Гэвч сүүлийн үед тус эмнэлэг рүү халдвар авсан өвчтөнүүдийг ихээр хэвтүүлж эхэлсэн учраас бид хоёр эмчилгээгээ түр зогсоогоод байна. Эмнэлэг рүү орсон хүн бүрийг регистрийн дугаараар нь бүртгэж, биеийн халуун хэмжсэний дараа нэвтрэх эрх өгч байсан. Шаардлага хангахгүй иргэдийг эмнэлгийн үүднээс нь шууд буцааж харагдсан. Одоогийн байдлаар яг гэртээ хорионд  байгаа учир  хүндрэлтэй асуудал, айдас түгшүүр харьцангуй бага байна.

-Тус улс коронавирусийн халдварын тархалтыг хумих, иргэдийг сэрэмжлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Тусгай дугаараас анхааруулж, сэрэмжлүүлсэн мэдээлэл бүхий мессежийг байнга ирүүлж байна. Тухайлбал “15 дахь халдвар авагч нь тэр хотоос илэрлээ. Тус иргэн нь ийм, ийм газраар явсан байна” гэх мэдээллийг гар утсанд мессежээр ирүүлдэг. Халдвар авагчтай ойрхон явсан хүмүүс сэжигтэй хэмээн үзэж ухамсараараа өөрийгөө шууд тусгаарлаж байна. Энэ нь тархалтыг хумихад ихээхэн нөлөөлж байх шиг байна. Олон нийтийн үйл ажиллагаа, цуглаан зэргийг бүгдийг хаасан. Тийм учраас сүмийн цуглаан, мөргөл зэрэг нь бүгд хаалттай байна. Хамгийн гол нь гараа байнга угаах, маскаа зүүхийг л сануулж байгаа даа.

-ИРГЭДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ЗАСАХ АЖЛЫГ МАШ САЙН
ХИЙЖ БАЙНА-

-Айж, бэргэсэн иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа юу. Иргэдийг айдас, түгшүүргүй байх тал дээр яаж ажиллаж байгаа вэ?

-Хүмүүсийн сэтгэл зүйг засах тал дээр их ажиллаж байна. Тухайлбал, манай сургуулийн сэтгэл судлалын танхимаас иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх ажилд оролцож байгаа юм. Манай сургуулийн төгсөгчид иргэдэд утсаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.

-Манай улсын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар таньд мэдээлэл байсан уу?

-Тийм мэдээлэл Солонгосын зарим хэвлэлд нийтлэгдсэн. Нэг нь элэгний хурц дутагдалтай байж байгаад нас барсан залуугийн тухай байсан. Нөгөөх нь вирусийн халдвар авсан ч эдгэрсэн гэсэн мэдээлэл байна.

-Солонгост амьдардаг монголчуудын групп дээр ихэвчлэн ямар мэдээлэл солилцож  байна вэ?

-Миний хувьд фэйсбүүк мэдээллээс өөрийгөө тусгаарласан. Албан ёсны мэдээллийг Солонгосын хэвлэлээс авчихдаг. Тийм учраас монголчууд маань яг ямар мэдээлэл солилцож буй талаар мэдээлэлгүй байна. Саяхан энд ажиллаж, амьдарч байгаа монголчууд солонгосчуудад туслах хандив зохион байгуулах ажлыг зохион байгуулсан. Үргэлжлүүлээд монголчууддаа туслах хандивыг зохион байгуулж байгаа гэсэн.

-МОНГОЛЫН ЭСЯ ОЮУТНУУДАД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭСЭН-

-Солонгос дахь Монголын ЭСЯ-аас энэ цаг үед иргэд рүү чиглэсэн мэдээлэл, анхааруулгыг хэр хүргэж байгаа вэ?

- Монгол руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа тухай мэдээллийг тавьсан харагдсан. Үүнээс өөр мэдээлэл хүргэсэн зүйлгүй. Саяхан ЭСЯ-аас Солонгост сурдаг монгол оюутнуудад худал мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, Гуравдугаар сард  визний хугацаа нь дуусч буй иргэдийн визийг Солонгосын талаас автоматаар нэг сар сунгасан. Энд амьдарч байгаа иргэдийн визийг шүү дээ. Харин Солонгосоос Монголд очсон оюутнууд визээ сунгуулахын тулд сургууль руугаа хандаарай гэж ЭСЯ-аас мэдээлэл тавьсан байсан. Гэтэл сургууль руу гаа яриад сунгах боломжгүй байсан. Яг энэ тал дээр ЭСЯ худал мэдээлэл хүргэсэн.

-СОЛОНГОС ТҮҮХЭНДЭЭ ОРОН СУУЦАНД ХӨЛ
ХОРИО ТОГТООСОН-

-Солонгост тархсан коронавирусийн халдварын тохиолдлыг харахаар эдгэсэн хүн нь олон байна. Эдгээж буй туршлагыг та юу гэж харж байна?

-Хамгийн өндөр дэгдэлттэй газруудад хөл, хориог маш тогтоосон. Сүмээс гаралтай  халдвар тээгчдийг маш богино хугацаанд барьж авсан. Олдохгүй хүмүүсийг цагдаагийн тусламжтайгаар эрэн сурвалжилж олсон. Солонгос түүхэндээ орон сууцанд хөл хорио тогтоосон. Тус орон сууцын 400 гаруй оршин суугч бүгдээрээ нэг сүмийнхэн байсан. Энэ мэт арга хэмжээг маш сайн авсан. Манай хотоос 15 халдвар тээгч илэрсэн. Энэ 15 хүний сүүлийн 7 хоногт явсан маршрутыг маш тодорхой мэдээлж байгаа юм. Тэр хавьд нь явсан хүмүүс нь өөрийгөө шууд тусгаарлан ажиглаж байна. Мөн ариутгалыг маш сайн хийж байгаа. Монголд ариутгалын бодис ховор байна гэж дуулсан. Харин энд ариутгалын бодис маш элбэг байна. Эмнэлэг, дэлгүүр, олон нийтийн газар бүгд ариутгалыг маш сайн хийж байгаа.

Иргэд хаана ч өөрийгөө ариутгаад явах боломжийг бүрдүүлж өгсөн. Өнгөрсөн долоо хоногт халдвар маш хурдацтай тархсан ч сүүлийн долоо хоног маш сайн барилаа. Халдвар авагчдын тоо сүүлийн өдрүүдэд 100 аар нэмэгдэж байна. Тэгэхээр барьж байна уу гэж ажиглаж сууна даа. Дэгү хотод халдвар авагчдын тоо маш их нэмэгдэж эмнэлгийн ачаалал ихэссэн учраас бусад хотынхоо эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Тэгэхээр яаралтай тусламж хүрэх ёстой хүндээ маш сайн хүрч байна гэж бас ажиглаж байна. Ер нь бол зүрх судас, сахарын шижин, хорд хавдраар өвчлөөд эдгэсэн хүмүүс л их өвчилж маш хурдан нас барж байна гэж хэвлэлүүд нь мэдээлж байгаа. Солонгос улсад нас барсан хамгийн залуу хүн нь манай Монголын залуу байсан.  35 настай хүн шүү дээ. Бусад нь 50,60,70,80 аас дээш настай хүмүүс л өвчилж нас бараад байна. Өвчнөө маш олон талаас судалж гаргалгаа сайтай мэдээллийг их хүргэж байна. Иргэдээ хий айдаст автуулахгүйгээр яг бодит мэдээллийг өгч байгаа юм. Мэдээлэл авч буй иргэдийн айх, айдас нь харьцангуй бага байдаг юм байна. Хийрхэл их байвал илүү их айдаст автаад байх магадлалтай юм байна лээ.

-Монголын ихэнх албан байгууллагууд 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг энэ сарыг дуустал гэрээсээ ажиллах нөхцлөөр хангахаар болсон. Ингэхдээ цалингаа авна. Солонгост нийгмийн халамж тал руу гаа ямар ажил хийж байх шиг байна  вэ?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Ер нь Солонгос улс гадны иргэдэд нийгмийн халамж маш муу үзүүлдэг. Солонгос иргэд болон тус улсын иргэдтэй гэр бүл болсон хүмүүст л нийгмийн халамжаа үзүүлдэг. Хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Миний хувьд өөрийгөө болон гэр бүлээ тусгаарлаж эрүүл мэндээ хамгаалж байна.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.