УОК: Тусгаарлах хугацааг сунгаж 21 хоног болгохоор шийдвэрлэсэн

УОК: Тусгаарлах хугацааг сунгаж 21 хоног болгохоор шийдвэрлэсэн

Улсын онцгой комисс хуралдаж тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. ДЭМБ-аас хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар коронавирусийн нууц үе нь 14 хоног бус 5-19 хоног байна гэж үзсэн байна.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Улсын онцгой комиссын хуралдаанаас тусгаарлах хугацааг хамгийн багадаа 21 хоног байх шийдвэрийг гаргалаа. Үүнтэй уялдуулаад сүүлийн дөрвөн удаагийн тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэний тусгаарлах хугацааг долоо хоног сунгах шийдвэрийг гаргасан гэж УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдэгдлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Тусгаарлалтын хугацааг долоо хоногоор сунгаж байгаа учраас дараагийн нислэгт өөрчлөлт оруулж байна. Учир нь одоо тусгаарлалтад буй иргэд гарахгүй учраас тусгаарлагдах байр чөлөөлөгдөхгүй. Тиймээс бид гурван нислэг үйлдэх гэж байснаа больж хоёр нислэг үйлдэхээр боллоо.

Тусгаарлах өрөөнд 2-4 хүн байж байна. Тиймээс эрсдлийн үнэлгээ хийгээд цаашид нэг өрөөнд нэг хүнийг байрлуулахаар боллоо. Тэгэхээр удахгүй ирэх 750 иргэнээ 750 өрөөнд байрлуулах нь. Энэ мэдээж хүнд. Гэхдээ зохицуулна. Иргэд 14 хоногийн тусгаарлах байрны мөнгөө төлнө. Үлдсэн долоо хоногийнх нь төлбөрийг нөөц сангаас гаргана" гэлээ.