ОХУ-аас импортлогдсон алимнаас улаан хачигны өндөг илэрчээ

ОХУ-аас импортлогдсон алимнаас улаан хачигны өндөг илэрчээ

Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл үүргийн дагуу Хилийн мэргэжлийн хяналтын албаны гурав, нийт 38 улсын /ахлах/ байцаагч нийт 116 аж ахуйн 183 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлжээ. Үүнд:

ОХУ-аас импортлогдсон 266 кг алимны дээжинд дотоод хорио цээртэй хортон шавж алимны улаан хачигны өндөг зургаан ширхэг илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс гадна Соёолж ХХК-ийн Голланд улсаас импортлосон гурван төрлийн цэцэгний булцуунаас дотоод хорио цээртэй номын бөөс илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Давтан дээж удахгүй авах юм байна.

Мөн Замын-Үүд боомтоор Өгөөмөрбаян дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй-савтай тасалгааны цэцэг импортлосон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, нийт найман дээжийг шинжилгээнд хамруулахад зургаан төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн тул агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, торгох шийтгэл ногдуулж,

9 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 212945 ширхэг цэцгийг устгуулахаар холбогдох төрийн байгууллага албан тоот хүргүүлжээ.

Тус ажлын хүрээнд нийт зөрчил бүхий гурван аж ахуйн нэгж /Шилэн хийц, МСМ групп, Абсолют кеш/ -д 7000 нэгжийн шийтгэл ногдуулж барагдуулсан байна.