Т.Аюурсайхан: Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатууд хилийн чанадад саатуулагдан шалгагдаж байгаа

Т.Аюурсайхан: Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатууд хилийн чанадад саатуулагдан шалгагдаж байгаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонссон.

Тус хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр, “Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн.  Ялангуяа өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн үнэтэй гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ чиглэлд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. ГХ-ны сайдын мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга болон бусад холбогдох албанынхан оролцлоо.

-Мэдээллийг хаалттай хэлэлцэх ямар шалтгаан байсан юм бэ?

-Хаалттай хэлэлцсэн нь цагдаа, тагнуулын байгууллагын хийж байгаа арга хэмжээ нууцын түвшинд байгаа. Мөн зарим хүнтэй холбоотой сайдын мэдээлэл нууцын журмаар ирсэн учир холбогдох хуулийн дагуу хаалттай хийлээ. Мөн томилгооны асуудлыг ярилаа. Томилгоо оновчгүй учир эргээд асуудалд орж байна, хариуцах эзэн хаанаа  байна гэдгийг хэлэлцэж гишүүд асуулт тодруулсан.

Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг нарийн хянах мөн  автомашинуудад дипломат дугаар олгохыг хянах зэргийг тогтоолд тусгасан. Дипломат төлөөлөгчдийн газрын ТГ-ын тэргүүнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийхээр тусгалаа. Гадаад харилцааны яам, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хар тамхитай холбоотой асуудлаар Дипломат төлөөлөгчдийн газруудад хяналт, шалгалт хийх чиглэлийг тусгалаа.

-Өмнө нь зөрчил илэрч байсан тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдсэн хүмүүсийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан Дипломат төлөөлөгчдийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг авсан.

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар тодорхой мэдээлэл авсан уу?

-Хоёр хүн саатуулагдаад хилийн чанадад шалгагдаж байгаа. Энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдгийг бид хуулийн байгууллагаас лавласан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа.

Эл асуудлаар Л.Болд гишүүн мөн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Монгол дипломатч хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл дэлхий дахинд ил болчихсон, Монгол Улсын нэр хүнд шалаар нэг уначихсан энэ тохиолдолд Монгол Улс нэр төрөө аврах хэрэгтэй. Яаж вэ гэхээр Монголын төр үүний цаана байхгүй гэдгээ нотлох ёстой. Хаалттай хаалганы цаана хуралдаад толгойг нь илэх гэж оролдох юм бол Монгол Улс, Монголын төр өөрөө хар тамхины наймааг өөгшүүлдэг төр болж хувирч байна. Намайг гадаад харилцааны сайд болж очихоос өмнө дипломатууд тамхины наймаанд холбогдож байна гэсэн мэдээллүүд байсан. Бидний үед хатуу хариуцлага тооцдог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд манан, мафи гэдэг нь гадна талдаа хар тамхины наймаагаа дэлгэж байна. Дээд тушаалын дипломатууд хар тамхины, олон улсын сүлжээний түвшний гэмт хэргийн сүлжээнд холбогдсоноо баталлаа. Монголын төр нэрээ цэвэрлэж, яаралтай хариуцлага ярих хэрэгтэй. Энэ хүмүүсийг тодорхойлж, томилуулсан хүмүүсийг яаралтай ил болгож мэдээлэх шаардлагатай. Тиймээс ил тод, чуулганы хуралдаан дээр ярь гэж хэлж байгаа юм” гэлээ.