“Singapore Airlines” компаний онгоц агаарын хүчтэй урсгалд орж зорчигч амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ

“Singapore Airlines” компаний онгоц агаарын хүчтэй урсгалд орж зорчигч амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ

Өчигдөр буюу мягмар гарагт Лондон хотоос Сингапурын чиглэлд нисэж байсан “Singapore Airlines” компанийн нисэх онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нэг зорчигч амиа алдаж, 71 хүн бэртсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тухайн үед Мьянмарын нутаг дээгүүр нисэж байсан 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүнтэй Boeing 777-300ER онгоц агаарын хүчтэй урсгалд орсныхоо дараа Тайландын нийслэл Бангкокт ослын буулт хийсэн байна.

Харамсалтай нь энэ донсолгооны улмаас Их Британийн 73 настай иргэн Жофф Кичен амиа алджээ. Энэ талаар Бангкокын олон улсын нисэх буудлын ерөнхий менежэр Киттипонг Киттикачорн “Урьдчилсан шалгалтаар талийгаач зүрхний өвчтэй байсныг тогтоосон” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“FlightRadar”24 сайтын нислэгийн мэдээллээс үзвэл онгоц газраас 11,000 метрийн өндөрт нисэж явах үед агаарын хүчтэй урсгалд орж, огцом доош унасны дараа огцом хөөрч, дараа нь дахин доош унажээ. Энэ донсолгоо нийтдээ 90 секунд орчим хугацаанд үргэлжилсэн байна. Зарим зорчигчид энэ нислэгийн үеэр суудлын бүсээ зүүгээгүйн улмаас тааз хүртэл шидэгдэж, толгойн хэсгээ цохисоны улмаас хамраас нь цус гарсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Болсон явдалтай холбогдуулан Сингапур улсын зам тээврийн яам нислэгийн үеийн хүчтэй донсолгоонд юу нөлөөлснийг тогтоох шалгалтын ажлыг эхлүүлсэн байна. Онгоцны үйлдвэрлэгч Boeing компани Singapore Airlines компанитай холбогдож, шалгалтын ажилд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө