"Хятад улс нь Орост хагас дамжуулагч, цэргийн зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлсэн тул хориг арга хэмжээ авна" гэж Их долоогийн бүлэг мэдэгджээ

"Хятад улс нь Орост хагас дамжуулагч, цэргийн зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлсэн тул хориг арга хэмжээ авна" гэж Их долоогийн бүлэг мэдэгджээ

Орос, Украйны дайны улмаас дэлхийн томоохон улс орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ ихээр авах болсон. Мөн энэ цаг үед Орост ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж, дайныг санхүүжүүлж байж болзошгүй байгаа улс орнуудад мөн хориг арга хэмжээ авах асуудал ч яригдаж эхлээд байгаа юм.

Тухайлбал, долоо хоногийн өмнө Италид болсон "Долоогийн бүлгийн" (Их 7) дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гаргасан хатуу анхааруулга нь БНХАУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авахыг Европын орнуудад уриалж буй хэрэг гэдгийг ажиглагчид онцолсон юм.

-ОРОСЫН ДАЙНЫ МАШИНЫГ БОДИТОЙ ДЭМЖИЖ БАЙГАА БНХАУ БОЛОН ТУС УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭСРЭГ ӨНДӨР ТАТВАР НОГДУУЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭЖЭЭ-

Учир нь БНХАУ Украины эсрэг хийж буй хууль бус дайнаа үргэлжлүүлэх боломжийг ОХУ-д олгож байгаа бөгөөд аюулгүй байдалд чухал ач холбогдолтой, өргөн хүрээтэй нөлөө үзүүлж байна гэж Долоогийн бүлгийн удирдагчид мэдэгдэлдээ дурджээ.

Тиймээс ОХУ-д зэвсгийн эд анги, тоног төхөөрөмж зэрэг давхар зориулалттай материалыг шилжүүлэхээ зогсоохыг Хятадаас  “Долоогийн бүлгийн” удирдагчид шаардсан байна. Мөн удирдагчид Хятадыг Орост барууны хоригийг тойрч гарахад тусалж байна гэж үзэж зарим аж ахуйн нэгжүүдийг шийтгэнэ, хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна. Дээрх мэдэгдэлд "Бид Оросын дайны машиныг бодитоор дэмжиж байгаа Хятад болон Хятад дахь бусад байгууллагуудын эсрэг арга хэмжээ авахаа үргэлжлүүлнэ" гэж дурджээ.

Энэ талаар АНУ-ын албаныхан Хятадыг Орост цэргийн үйлдвэрлэл, тэр дундаа хагас дамжуулагч, материал, машин хэрэгсэл зэрэг экспортоор дамжуулан тусалж байна гэж буруутгаж, Москвад танк, сум, хуягт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна гэж үзэж байна. Харин Бээжин энэ мэдэгдлийг няцааж, аль аль талд нь зэвсэг өгөөгүй, давхар хэрэглээний барааны экспортод хатуу хяналт тавьж байгаа гэж мэдэгджээ. Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Хятадын талаас энэ байр сууриа давтаж, дайныг "Хятадыг гутаан доромжлох шалтаг" болгосон хэмээн АНУ-ыг буруутгажээ.

-БНХАУ-Г ОХУ-Д ХАГАС ДАМЖУУЛАГЧ, ЭД МАТЕРИАЛ, МАШИН ХЭРЭГСЭЛ ЗЭРГЭЭР ТУСАЛЖ БАЙГАА НЬ ТАНК, СУМ, ХУЯГТ ТЭЭВРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА ГЭЖ ҮЗЖЭЭ-

АНУ болон Европын холбоо Хятадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа бөгөөд энэ долоо хоногт АНУ Орост хагас дамжуулагч нийлүүлдэг Хятадад төвтэй пүүсүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ. Өнгөрсөн сард АНУ мөн цахилгаан машин, цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн зэрэг үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэж үзсэн БНХАУ-ын хэд хэдэн салбарт 18 тэрбум ам.долларын  шинэ татвар ногдуулсан.  Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Хятадын ГХЯ G7-ын байр суурийг "Хятадыг гүтгэж, дайрсан" гэж буруутгасан байна.