АТГ-аас "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон тул бөхчүүдээс шинжилгээ авч, дүгнэлт гаргах боломжгүй болжээ

АТГ-аас "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон тул бөхчүүдээс шинжилгээ авч, дүгнэлт гаргах боломжгүй болжээ

"Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын тэргүүн Ж.Хатанбаатарыг өнгөрсөн оны аравдугаар сарын 3-4-нд /2023.10.04/шилжих шөнө хойшлуулшгүйгээр саатуулж улмаар мөрдөн шалгах ажиллагааг өнөөг хүртэл үргэлжлүүлэн явуулж байгаа билээ.

Түүнийг бөхчүүдээс авсан "Допингийн хариу"-г хувийн хаягаараа авч устгадаг байсан байж болзошгүй хэмээн үзэж АТГ-аас уг асуудлаар БНСУ-ын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл байдаг. Мөн Ж.Хатанбаатарыг "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ыг 2017 онд байгуулахдаа бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгаж байгаа. 

-УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС МҮДЭБ-ЫН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-

Тиймээс АТГ-ын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын 2017 оноос хойших бүх бүртгэлийг хүчингүй болгож хассан байна. Улмаар тус төвийн нэрийг энэ оны хоёрдугаар сард /2024.02.22/ "Допингийн эсрэг төв" болгон өөрчилж, удирдах зөвлөлийн даргаар нь Ц.Уугангэрэлийг бүртгэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл тухайн байгууллага нь удахгүй болох Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах эрх бүхий байгууллага биш бөгөөд хэрэв шинжилгээ авсан тохиолдолд допинг илэрсэн бөхчүүд шүүх дээр ялах магадлалтай нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.  

-БӨХЧҮҮДЭЭС ЯВЦЫН ШИНЖИЛГЭЭ АВААГҮЙ НЬ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ЭРХГҮЙ БОЛСОНТОЙ ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2005 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр "Спортод сэргээшийн эсрэг Копенхагены тунхаглалд нэгдэн орох тухай" 79 тоот тогтоолоор Копенхагены тунхаглалыг хүлээн зөвшөөрч, 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай" хуулиар "Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО конвенцид нэгдэж, Дэлхийн допингийн эсрэг дүрмийг хүлээн зөвшөөрсөн юм.

Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 5.1 шинжилгээ авах эрх бүхий байгууллага гэж Монгол Улсын хувьд Монголын Допингийн эсрэг байгууллага. Энэхүү байгууллага нь допингийн эсрэг шинжилгээ авахдаа олон улсын дүрэм болон стандартаар хяналтын ажилчдыг сонгох томилох, ажиглагч нарыг сонгох томилох, дээжийн сав бэлдэх, дээж авах байрыг сонгон баталгаажуулах, шээх үйл явцыг хянах зэрэг бүхий л үйл ажиллагааг хянаж, шалгаж дээрх дүрэм журамд нийцүүлэн дээж авах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Мөн "Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журмын"-ын 7.1-д бөх сэргээш хэрэглэсэн тухай дүгнэлт нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дугээр зүйлд заасан шийтгэл оногдуулах үндэслэл болох ба 7.3-д Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо нь сэргээш  хэрэглэсэн тухай салбар хороо болон допингийн эсрэг төвийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргахаар журмалсан байдаг.

Гэтэл өдгөө энэхүү эрхийг эдлэх эрх бүхий байгууллага нь хууль ёсны гэж үзэх боломжгүй, шинжилгээ авч, дүгнэлт гаргах эрхгүй байгууллага болоод байгаа аж. 

Допингийн эсрэг байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдүүдийн аливаа шийдвэр нь тухайн байгууллагыг төлөөлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзвэл тэдний гаргасан баяр наадмын оролцогчдоос шинжилгээ авах шинжээч, ажиглагч томилох, шинжилгээний сав сонгож, шинжилгээ авах үйл ажиллагаа, шинжилгээ төлөвлөх үйл явц гэх мэт шинжилгээтэй холбоотой бүхий л бичиг баримт нь хууль бус болох юм. 

Энэ ч утгаараа "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын тэргүүн Ж.Хатанбаатарыг шалгаж эхэлснээс хойш тухайн байгууллага нь бөхчүүдээс допингийн явцын шинжилгээ аваагүй бөгөөд удахгүй болох Үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээг ч хууль бус гэж үзэх бүрэн боломжтой нөхцөл байдал үүсээд байна.