Реппер Big Gee-ын "Хужаа" дууны агуулгаас үүдэж, ӨМӨЗО-ы Хөх хотод болох түүний тусгай үзүүлбэрийг Хятад цуцалжээ

Реппер Big Gee-ын "Хужаа" дууны агуулгаас үүдэж, ӨМӨЗО-ы Хөх хотод болох түүний тусгай үзүүлбэрийг Хятад цуцалжээ

Монголын дуучин “Хятадын эсрэг” дуу дуулснаас болж тоглолтоо цуцлуулсан талаар БНХАУ-ын хэвлэлүүд мэдээлэв. Энэ талаарх мэдээлэл энэ сарын 19-ны /2024.06.19/-ны өдрөөс эхэлсэн бөгөөд Хятадын цахим сүлжээнд Монголын реппер GEE-г тус улсын интернэт хэрэглэгчид Хятадын эсрэг хатуу байр суурьтай дуучин хэмээн нэрлэжээ.

Тодруулбал, Зургаадугаар сарын 22-нд монгол дуучин Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнийг ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод болох нэгэн тусгай тоглолтод урьсан бөгөөд тоглолт болох өдөр түүнийг урьсан агентлагийн зүгээс Big Gee-ын үзүүлбэрийг цуцалжээ.

Реппер Т.Мөнх-Эрдэнийг урилгыг цуцалсан бичиг баримт

Учир нь түүнийг "Хятадын эсрэг" дуу гаргасан хэмээн тус улсын интернэт хэрэглэгчид эсэргүүцэл илэрхийлээд байгаа аж. Энэ нь GEE-ийн шилдэг бүтээлүүдийн нэг “Хужаа” дуу юм. Тус дууг хятадын үндсэрхэг үзэлтнүүд "Хятадыг дэндүү доромжилсон агуулгатай, Монгол Хятадыг захирна хэмээн заналхийлсэн дуу" гэж үзсэн байна. Энэ дуу нь 2011 онд гарсан бөгөөд 10 гаруй жилийн өмнөх хуучин дуу юм.

Мөн Big Gee-ын талаар Хятадын интернэт хэрэглэгчид "тэр үнэхээр их зантай, ийм хүн Хятадад мөнгө олох гэж ирсэн нь үнэхээр жигшүүртэй" гэж бичжээ.

Улмаар энэ нь томоохон асуудал болж, тоглолтын гүйцэтгэлийн агентлаг Gee-ын тоглолтыг цуцлах тухай мэдэгдэл гаргасан байна.  Гэвч цуцлах болсон шалтгаанаа хуваарьтай холбоотой хэмээн нууцалсан. Тиймээс тоглолт нь цуцлагдсан ч энэ явдлаас үүдэлтэй олон нийтийн санаа бодлын шуурга цахим ертөнцөөр дөнгөж эхэлж байна. Одоогоор Хятадын Жиху платформ дээр энэ сэдвийн талаарх мэдээ мэдээллийг 5 сая гаруй хүн үзэж, 800 гаруй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь олны анхаарлыг татаж байна. Энэ нь дээрх реппер Хятадад өмнө нь хоёр удаа тоглолтоо хийж, олон үзэгчидтэй болсонтой холбоотой  гэж БНХАУ-ын Guancha сайт мэдээллээ.

Энэ талаар анх Хятад үндэстэн, шашны эрдэмтэн Ши Вуй цахим орчинд нийтэлжээ. Тэрбээр Хятадын эсрэг ийм дуучдыг Хятадад тоглохыг зөвшөөрч болохгүй. ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын газар хяналтыг чангатгаж, "үндэстний үзлээс болгоомжлох хэрэгтэй" гэжээ. Харин тус улсын цахим сүлжээнд монгол реппер Мөнх-Эрдэнийн талаар “Тэр бүх бие нь шивээстэй, тэр гудамжны хүүхэд шиг харагдаж байна. Түүний дуунууд мөн ялаагүй яг л гудамжны хүүхэд микрофоноор хашхирч байгаа юм шиг, тийм ч сайхан сонсогдохгүй байна” гэжээ.