Монгол, Узбекистаны худалдааны эргэлт 10 сая ам.долларт хүрчээ

Монгол, Узбекистаны худалдааны эргэлт 10 сая ам.долларт хүрчээ

Монгол, Узбекистан улс уул уурхай, ХАА, хүнс, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжтой. Энэ талаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш. Кудратов Монгол-Узбекистаны бизнес форум дээр онцлов.

Хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр боллоо. Л.Ш.Кудратов хэлэхдээ, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлов. Тэрээр хоёр улсын тэргүүнүүд монгол, узбек бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан нь олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол өндөр байгааг дахин харуулж байна гэлээ. Узбекистан улс хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг эрс сайжруулах, бүх саад бэрхшээлийг аажмаар арилгах шийдэмгий алхмуудыг амжилттай хийж иржээ. Үүний үр дүнд тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд бараг 2 дахин өсөж, ДНБ 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо 2 дахин нэмэгдэж, аж үйлдвэрлэлт 40 хуваир өссөн үзүүлэлттэй байгааг Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш. Кудратов танилцуулав. 

Бизнес уулзалтад Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш.Кудратов, Гадаадын хөрөнгө оруулалтыг татах газрын дарга, О.У.Эльмуратов, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д.А.Вахабов тэргүүтэй албаны төлөөлөл, мөн бизнесийн салбарын 270 орчим төлөөлөл, Монгол Улсын талаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, ГХЯ-ны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан тэргүүтэй 70 орчим бизнес эрхлэгчид оролцлоо. Монгол Улс, БНУзбУ хоорондын худалдааны эргэлт 2023 онд 10 сая ам.долларт хүрч, Монгол Улс 4,6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5,4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортолжээ. 

Монгол Улсыг төлөөлж, МҮХАҮТ-ын тэргүүн Д.Энхтүвшин хэлэхдээ, Монгол, Узбекистаны хооронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хөдөө аж ахуй, ноос ноолуур, аялал жуулчлал, санхүү, эрүүл мэнд, барилга, үл хөдлөх, мэдээлэл, технологийн салбарт худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх өргөн боломж байгааг онцоллоо. Бизнес уулзалтад хоёр улсын бизнес эрхлэгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаа нь манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл сонирхол, боломж бололцоо маш их байгааг илтгэн харуулж байна. МҮХАҮТ нь Узбекистаны талтай хийх аливаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа Д.Энхтүвшин ерөнхийлөгч илэрхийллээ. 

Бизнес форумын үеэр Монгол Улсын ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал Г.Өлзийсайхан Монгол Улсын эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавьсан бол “Таванбогд” группын ТУЗ-ын дарга Д.Хулан, “Аи си ти групп” ХК-ийн захирал Г.Лхамсүрэн нар мөн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэлээ. Мөн үеэр МҮХАҮТ, Узбекистан Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, “Монгол-Узбекистаны бизнес зөвлөл байгуулах тухай” санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.Монгол Улсаас “Таванбогд солюшнс”, “Монгол базальт”, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс” зэрэг компани хамтын ажиллагааны санамж бичгүүдэд Узбекистаны талтай гарын үсэг зурав. Форумын дараа оролцогч хоёр талын бизнес эрхлэгчдийн дунд нүүр тулсан бизнес уулзалтууд боллоо.