Олон улсын шүүх Шойгу, Герасимов нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах тушаал гаргажээ

Олон улсын шүүх Шойгу, Герасимов нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах тушаал гаргажээ

Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын Батлан ​​хамгаалахын сайд асан Сергей Шойгу, тэргүүлэх генерал Валерий Герасимов нарыг Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр баривчлах тушаалыг өчигдөр гаргасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.  Гаагд байрлах эрүүгийн шүүхийн мэдээлснээр, Оросын батлан хамгаалах салбарын албан тушаалтнуудыг Украины иргэний дэд бүтцэд халдсан, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр үндэслэлээр баривчилна гэжээ.

Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 10-наас 2023 оны гуравдугаар сарын 9-ний хооронд Оросын зэвсэгт хүчин Украины цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд хийсэн пуужингийн цохилтын хариуцлагыг Шойгу, Герасимов нар хүлээнэ гэж үзэж буй. Мөн тэднийг баривчлах хангалттай нотлох баримт байгааг нэмж тэмдэглэжээ.

Ийнхүү Олон улсын эрүүгийн шүүхээс Москвагийн албан тушаалтныг баривчлах найм дахь тушаал гарч байна. Эдгээр найман хүний тоонд украин хүүхдүүдийг Орос руу албадан гаргасан гэх хэргээр буруутгагдаж буй ерөнхийлөгч Владимир Путин ч багтах юм.

Орос, Украйн хоёр улсын хувьд Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнуудын тоонд багтдаггүй. Гэхдээ  2013 оны арваннэгдүгээр сараас хойш өөрийн нутаг дэвсгэр дээр болж буй үйл явдлыг мөрдөн шалгах эрхийг Олон улсын эрүүгийн шүүхээс Украинд олгосон байдаг.

Олон улсын эрүүгийн шүүхэд өөрийн гэсэн цагдаагийн байгууллага байдаггүй бөгөөд баривчлах ажиллагаа явуулахдаа гишүүн орнуудад түшиглэдэг аж. Тиймээс Оросын албан тушаалтнуудыг хэн, хэзээ баривчлах нь тодорхойгүй байна. Шүүхийн прокурор Карим Хан өнгөрсөн хоёрдугаар сард Оросын албан тушаалтнуудыг баривчлах хүсэлт гаргажээ. Одоо шүүхээс Украинтай хамтран мөрдөн байцаах ажиллагааг явуулахаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Reuters