Хойд солонгосын туршсан пуужин амжилтгүй болж нийслэл Пёнян хотын ойролцоо унажээ

Хойд солонгосын туршсан пуужин амжилтгүй болж нийслэл Пёнян хотын ойролцоо унажээ

Өчигдөр буюу Даваа гарагийн өглөө Хойд солонгос хоёр ширхэг баллистик пуужин туршсаны нэг нь амжилтгүй болжээ. Тодруулбал, өглөөний 5:05, 5:15 цагуудад харвасан пуужингуудын эхнийх нь 600 км зай туулсан бол хоёр дахь пуужин нислэгийн эхний шатанд хэвийн бус ажилласаны улмаас 120 км зай туулжээ.

Дээрх пуужингуудыг Хойд солонгосын нутаг дэвсгэрийн баруун эргээс буюу Өмнөд Хванхэ мужийн Чангён-гун орчмоос зүүн хойд зүгт харважээ. Энэ нь нийслэл Пёнянаас 130 км орчим зайтай газар юм. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин одоо пуужингийн туршилтын мэдээллийг нарийвчлан судалж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Өмнөд болон Хойд солонгос талуудын сөргөлдөөн улам эрчимжиж, Умард Солонгосын эрх баригчид ОХУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Өмнөд солонгос улс Япон, АНУ зэрэг холбоотнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлээд байна.