Нийслэлийн 385 жилийн ойн барилдаанд Улсын начин Ч.Батчулуун түрүүлжээ

Нийслэлийн 385 жилийн ойн барилдаанд Улсын начин Ч.Батчулуун түрүүлжээ

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн уламжлалт барилдаан боллоо.

Уг барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, гарди Ө.Бат-Орших зэрэг улсын цолтой 29 бөхөөр магнайлуулсан 224 бөх зодоглов. Тэдгээрээс Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Ч.Батчулууны хувьд нийслэлийн 380 жилийн ойн барилдаанд буюу таван жилийн өмнө Ч.Хөхчирэнгэр нэртэйгээр түрүүлж байлаа. Ингэснээр тэр нийслэлийн барилдаанд хоёр удаа болон түүнээс дээш түрүүлсэн гурав дахь бөх болов. Түүнээс өмнө дархан аварга Б.Бат-Эрдэнэ тав, улсын аварга Д.Сумъяабазар хоёр түрүүлсэн билээ.

Тэгвэл их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Д.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан Ч.Даш нар үлдэв. Дараагийн барилдаан ирэх сарын 2-ны бямба гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.