Б.Батсайхан: Багш мэргэжлээ орхиж, ээжээсээ 60 мянган төгрөг зээлж "гүзээнд боосон бууз"-ны брэндээ эхлүүлж байлаа /ВИДЕО/

Б.Батсайхан: Багш мэргэжлээ орхиж, ээжээсээ 60 мянган төгрөг зээлж "гүзээнд боосон бууз"-ны брэндээ эхлүүлж байлаа /ВИДЕО/

Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан айл бүр сар шинийнхээ идээ ундааг бэлтгэж, бууз, баншаа хийж буй энэ үед бид нэгэн өвөрмөц, сонирхолтой бизнес эрхэлж буй иргэнтэй ярилцлаа. Түүнийг Б.Батсайхан гэдэг. Тэрбээр “Гүзээнд боосон шидтэн бууз” брэндийг үүсгэн байгуулж, өөрийн хэмжээнд чамгүй амжилтанд хүрэн, байнгын хэрэглэгч нартай ч болжээ. Тодруулбал үхрийн болон хонины мах татаж, гүзээнд боож бууз хийх бөгөөд гурил огт ашигладаггүй учир эрдэс, минерал, уургаар баялаг байдаг байна. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Өөрийн тань мэргэжлийн талаар яриагаа эхэлье. Мөн өмнө нь хаана ажиллаж байв?

-2016 оноос хойш Өвөрмонголд таеквондогоор багшилдаг байсан. Багшлахынхаа хажуугаар төгөлдөр хуур тоглож, бүжиг бүжиглэх гэхчилэн янз бүрийн л ажил хийсэн. Ер нь л багийн их хөдөлгөөнтэй зүгээр суудаггүй хүүхэд байсан.  Одоо ч зүгээр сууж чаддаггүй. Ажлынхаа хажуугаар бизнесийн удирдлагаар сурч байгаа.

-Өөрийг тань гүзээнд боосон шидтэн бууз брэндээр нь хүмүүс багагүй мэдэх байх. Анх гүзээнд боосон буузны бизнесээ хэрхэн эхлүүлж байв?

-2021 онд гүзээнд боосон буузаа хийж эхэлсэн. Эхлэх үедээ хоёр, гурван ч удаа бүтэлгүйтсэн. Ер нь ямар нэгэн юм хийхэд их мөнгө орно гэж боддог байсан юм л даа. Гэхдээ ямар нэгэн юм хийхэд заавал их мөнгө хэрэггүй, өөрийнхөө чадах хэмжээнд хийж байхад л болох юм шиг санагдсан. Анх ээжээсээ 60 мянган төгрөг зээлээд зах дээрээс дөрвөн гэдэс, гүзээ аваад баастай гүзээгээ угаагаад л өөрөө бүх зүйлээ хийж энэ бизнесээ эхлүүлж байлаа. Анх Дорнодод хийж байгаад сүүлд Улаанбаатарт ирсэн. Улаанбаатарт ирээд үйлдвэрийн байрнаас эхлээд асуудал их л байсан. Тэр үед миний огт хамаатан биш ч танидаг ах эгч нар маань түрээсийн байр өгөөд үнэхээр их дэмжсэн. Одоо энэ зэрэгтэй яваа нь магад тэр хүмүүсийн л ач байх.

-Гүзээнд боосон буузыг өөрөөс тань өмнө Монголд төдийлөн хийдэггүй байсан. Энэ санааг хэрхэн олов?

-Санаагаа Өвөрмонгол бичлэгнээс л олсон. Мөн би Хөх хотод байхдаа идэж байсан юм. Монгол хүний амтанд зориулсан биш ч нэг тийм зөөлөн, гоё байсан. Хамгийн гол нь тэндээ маш их эрэлттэй байсан юм. Монголд бол гүзээ, гэдэс зүгээр хаягддаг шүү дээ. Тэгээд эх орондоо үүнийг хийж болох юм байна гэж бодсон ч эхэлж завдахгүй л байсан л даа. Монголд ирээд нэлээд ажилгүй байсан. Тэр үед хүүгээ л өлсгөхгүйн тулд ямар нэгэн юм хийе гэж бодсон. Хүү маань бусад айлын хүүхдүүдээс арай дутуу ч юм шиг, арай гундуу ч юм шиг санагддаг байсан үе. Тэгээд л хүүгийнхээ төлөө хичээх ёстой юм байна гэж бодоод юу ч хамаагүй хиймээр санагдсан. Тулсан үед л биш бол хүнээс тэгж их зориг, эрч хүч гарддаггүй юм билээ. Тулсан үед бол 60 мянган төгрөг ч үнэхээр их мөнгө шиг санагдсан. Анх намайг гүзээнд боосон бууз хийж эхлэх үед энэ төрлийн бууз хийдэг газар, хүн огт байгаагүй. Миний санаа Монголдоо анхдагч байсан гэж болно. Харин одоо бол зөндөө газар хийдэг болсон байна лээ. Гэхдээ ямар нэгэн стандарт байх хэрэгтэй шүү дээ. Стандартгүй хийдэг газар олон байгаа.

Анх өөрөө гүзээ, ногоогоо авч ирж янзалж татаад, цэвэрлэж буузаа хийгээд өөрөө хүргэлтэнд гардаг байлаа. Машин тэрэггүй, автобус дамжаад л хэцүү байсан ч одоо бодоход гоё санагддаг.

-Ер нь гүзээ хүний биед хэр ашиг тустай бол?

-Гүзээ чинь тэр чигээрээ уураг, каллоген. Зүгээр л хаягддаг бүтээгдэхүүн шүү дээ.Гэтэл дотроо ямар их эрдэс бодис агуулагддаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Манайхан малын гүзээг хааяа л чанаж иддэг. Гэтэл энэ чинь тэр чигээрээ уураг байдаг. Төрсний дараа хүртэл хөхөнд сүү оруулахад хэрэглэдэг шүү дээ. Ядаргаанд хүртэл үнэхээр сайн. Манайх гурил хэрэглэхгүйгээр хонь, үхрийн махыг гүзээнд боочихож байгаа болохоор тэр чигтээ л ашиг тустай бүтээгдэхүүн болчихож байгаа юм л даа. Эрүүл мэндээ боддог хүмүүс манайхыг их авдаг.

Цагаан сар болох гэж байгаа учраас онлайнаар захиалга авч байгаа. Тогтмол хэрэглэгч нартай ч болсон.

-Анх энэ бизнесийг эхлэхэд ар гэрийнхэн нь юу гэж байсан бол?

-Ер нь “боль” гэж хэлж байсан. Аргагүй дээ. Голд нь зөндөө унаж боссон. Анх өөрөө хүргэлт хийгээд аажуутна. Шөнийн бор хоногтоо л гэртээ очно. Тэр үед гэрийнхэн маань энийгээ болиод зүгээр ажил хийсэн нь дээр юм бишүү гэсэн зүйл зөндөө хэлж байсан. Тэр үед хүүгээ л бодож тэссэн дээ. Хүү маань одоо 8 настай. Манай бага хүү ээж дээрээ байж байгаад саяхан над дээр ирсэн. Том хүү маань анх энэ ажлаа эхлүүлж байхад ногоо арилгаад л аавтайгаа цуг хоёулхнаа бууз хийдэг байлаа. Одоо бол манайд нэлээд хэдэн залуу ажилчид бий. Ер нь залуу хүмүүсийг их дэмжиж ажилд авахыг хичээдэг.

-Цаашдын зорьж байгаа зүйл нь юу байна?

-Одоо ресторан нээх төлөвлөгөөтэй байгаа. Гүзээгээр хийсэн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, монгол хоолны ресторан нээх төлөвлөгөөтэй. Монгол малын мах үнэд орж байгаа нь сайн хэрэг гэж боддог. Мөн малын түүхий эд үнэхээр их эрдэс, минералтай боловч хаягдаад байгаа. Тэгэхээр түүнийг ашиглаад илүү олон төрлийн гоё зүйл хийдэг болоосой гэж боддог.

-Зарим хүмүүс энэ хоолыг Өвөрмонгол хоол гэж бодоод байх шиг байдаг?

-“Өвөрмонгол хоол биз дээ. Өвөрмонголчууд идээд байдаг шүү дээ” гэдэг үг зөндөө сонсож байсан. Гэтэл энэ чинь монгол хоол шүү дээ. Эрт дээр үеэсээ Монголчууд хол замд явахдаа жижиг жижгээр нь боогоод гүзээнд хийж авч явдаг байсан бүтээгдэхүүн байхгүй юу.

-Өөр шиг тань залуу хүмүүс гарааны бизнес эрхлээд явах боломж нөхцөл манай улсад хэр байна гэж харж байна?

-Татвар жаахан хэцүү. Гэхдээ боломжтой шүү дээ. Анх эхлэхэд мөнгө, санхүү хэцүү ч тууштай байвал монгол хүн монголдоо бизнес эрхлээд амьдрах бүрэн боломжтой. Бизнес эхлэх гээд чадахгүй байгаа, мөнгө дутуу юм шиг санагдаад байгаа залуус байвал зүгээр эхлээд л үз. Эхэлчихсэн байхад бүх зүйл урсгалаараа болно. Бүх зүйл цаг хугацаатай байдаг юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.