Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаас гарсан шийдвэрээ өнөөдөр /2025.03.07/ танилцууллаа.
ВИДЕО:
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэхдээ, "Монголбанк мөнгөний бодлогын хороо өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдаж,
- Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх,
- Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох,
- Тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэрийг гаргалаа.
-НИЙТИЙН ТЭЭВЭР, СУРГАЛТЫН ТӨЛБӨР, МАХ, ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭНЭЭС ИНФЛЯЦИ ХОЁР ОРОНТОЙ ТООНД ХҮРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА-
Эдгээр шийдвэрийг гаргахдаа эдийн засгийн нөхцөл байдал, төлвийг харгалзан үзсэн. Тухайлбал, АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөхөөр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ унахад нөлөөлж байна. Монголбанкны нэг гол зорилт бол инфляцийг нам дор хадгалах. Гэтэл инфляци сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байна. Үүнд цахилгаан, мах, нийтийн тээвэр, сургалтын төлбөрийн үнэ гэх мэт төрөөс шалтгаалах үйлчилгээний үнэ нэмэгдсэнээс инфляци хоёр оронтой тоонд буюу 12 хувьд хүрэх эрсдэлтэй байгаа учраас бодлогын тохиргоо хийх зайлшгүй шаардлага гарсан" гэв.
-ШИНЭЭР ХЭРЭГЖИХ ТОМООХОН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДОТООДООС САНХҮҮЖҮҮЛЭХ ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ БОЛСОН ГЭВ-
Мөн тэрбээр, цаашид шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодоос санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг энд онцолмоор байна. Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засаг 2024 онд 4.9 хувьтай буюу бидний хүлээлтээс бага зэрэг доогуур гарсан. Эдийн засгийн өсөлт ийнхүү удааширахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан нь голлон нөлөө үзүүлсэн. Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг 7-8 хувьд хэвээр хадгалахаар төлөвлөсөн байгаа. Тухайлбал, Оюу толгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ бүтээн байгуулалтууд эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр төлөвлөж байна" гэлээ.