Ж.Энхбаяр: Сүүлийн 30 жилд хийж чадаагүй ажлыг ХХААХҮЯ-ныхан хоёр жилд хийж ноолуурыг самнаж угааж борлуулж байна

Ж.Энхбаяр: Сүүлийн 30 жилд хийж чадаагүй ажлыг ХХААХҮЯ-ныхан хоёр жилд хийж ноолуурыг самнаж угааж борлуулж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ы талаар болон махны экспортын асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Заяабал: Төрөөс малчдыг орлоготой байлгах талаар огт ярихгүй байна. Өнөөдөр хөдөө нутагт орлого олох боломж бага байгаа учраас төвлөрсөн газар руу нүүгээд байна. Малчид мах, ноолуураас л орлого олж байна. Төрөөс буруу бодлого явуулсны улмаас арьс шир үнэгүйдэж жалганд хаягдаж байна. Арьс ширэн дээр гаргасан алдааг ноолуур дээр гаргах гээд байх шиг байгаа. Малын махыг стратегийн хүнсэнд тооцоод төрийн зохицуулалтаар квоттой болгосон. Саяхан хүртэл экспортын хязгаарлалт хийлээ. Одоо "Ноолуурыг самнаад угааж гаргана. 250 сая доллар үлдэнэ, ашигтай бизнес болно" гэж яриад л байна. Тэгсэн атлаа банкиуд нь зээл өгдөггүй, төсвөөс мөнгө гаргаж өгөөчээ гээд салбарын сайд нь ярьж байна. Үнэхээр ашигтай бизнес юм бол яагаад арилжааны банк зээл гаргахгүй байгаа юм. Өнгөрсөн жил нэг кг ноолуур 170-180 мянган төгрөгийн үнэтэй байсан. Баруун аймагт 130-120 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо төвийн бүсэд ноолуурыг 150 мянган төгрөгөөр авсан. Энэ үнэ баруун аймагт 100 мянга болж малчдын орлого буурах гээд байна. Энэ жил баруун бүс нутагт хэдэн төгрөгөөр ноолуурыг авах юм бэ? 

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Мал маллах хүнгүй болсон нь үйлдвэрүүдээ унагасантай холбоотой. Мал аж ахуйн түүхий эдийг үйлдвэрлаж, баялаг болгож байж л дараа дараагийн тогтвортой байдлаа хангана. Бидний алдаа энэ. Бусдын түүхий эдийг бэлдэж тэдний эдийн засгийн савлагааг дагаж үнэ нь өсч, буурдаг. Өдөр тутмынхаа ахуйдаа хөтлөгдсөн бодлогыг гаргасаар байгаад ийм болсон. Хөдөө хүн амьдрах, ашиг орлого олох нь үйлдвэрлэл дээр л тулгуурлана. Мах дээр бодлого сайн явж байгаа. 30 жил чадаагүй ажлыг сүүлийн хоёр жилд Хөдөө аж ахуйн яамныхан хийсэн. Экспорт 300 саяас буурахаа больсон. Энэ мөнгө малчдад очиж байна. Ноолуур боловсруулалтын түвшинд очих тусам үнэ нь өсч байна. Энийг яагаад жадлаад байгаа юм. Сүүн дээр литр тутам 1000 төгрөгийн татаас өгч байгаа. Бүгдийг үгүйгэж болохгүй. 

УИХ-ын гишүүн Б.Заяабал: Зах зээлийн зарчмаар юм бол хааж, боогоод ажил явахгүй. Арьс, ширний үйлдвэрлэлээ хар. Зах зээлийн эдийн засгийн талаар жаахан судлаа. Өнөөдөр түүхий ноолуурыг бүгдийг нь угаана гээд үнийг нь унагаж малчдыг хүнд байдалд оруулж байна. Өнгөрсөн жилийн зудны хүнд байдлаас гарах ийм үед нь "Дахиад нэг жил тэсчих" гээд ноолуурыг нь бага үнээр авч байна. Өнөөдөр АНУ, БНХАУ-ын тарифын асуудалд ноолуур падлийгүй. Төрөөс бүгдийг нь авдаггүй юм. Шинэ Зеланд, Европын орнуудын хөдөө аж, ахуйн салбарын өсөлт, хөгжлийг судла. Бүгдийг төрийн мөнгөөр авдаггүй юм, төсөв дийлэхгүй. Иргэд татварын хувийг бууруул гэж байхад та эсрэгээрээ нэмэх юм яриад байж байна. "Цагаан алт" хөтөлбөрийг би дэмжиж байгаа. Гэхдээ ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 20-30 хувьд хүргэ гэсэн болохоос бүх ноолуурыг угаагаад самна гэж  тэр хөтөлбөрт бичээгүй. Та бодлогоо зөв яриарай.