УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих гэж байна. Тодруулбал, нэг удаагийн ажлын хөлс, хөнгөлөлт урамшууллаас татвар авдгийг болиулж, ажил олгогч ажилтныхаа өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдгөөс чөлөөлөх зэрэг өөрчлөлтийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулж байгаа аж. Энэ талаар хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.
ВИДЕО:
-НИЙГМИЙН ДААТГАЛ МУТАЦИЛАГДААД ТАТВАР БОЛСОН-
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй тулгамдсан шаардлагыг та юу гэж харсан бэ?
-Нийгмийн даатгалын хуулийн анхны өөрчлөлтийг 2008 онд хийсэн. Үүнээс өмнө "Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн харилцаанд нийгмийн даатгал ногдуулна" гэсэн ерөнхий чиг баримжаатай байсан. Гэтэл 2008 онд гэрээр үйлчлэгч, гэрээт малчны тоо өссөн гэдэг үндэслэлээр хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Иргэний хуулиар гэрээ байгуулсан ажил үйлчилгээнд нийгмийн даатгалын шимтгэлийг оногдуулахаар болж, анхны суурь тавигдсан. 2024 оноос хэрэгжиж байгаа хуулинд хөлсөөр ажиллуулах хувь хүний байгуулсан бүх гэрээнээс шимтгэл авдаг болсон. Нийгмийн даатгал мутацилагдаад татвар болчихлоо гэж иргэд яриад байгаа нь үүнтэй холбоотой. Үүнийг зөв байранд нь аваачихын тулд Хөдөлмөрийн хууль, Иргэний хуулиар зохицуулж буй хоёр өөр харилцааг ялгах хэрэгтэй.
Тухайлбал, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэн таньтай гэрээ байгуулж 50 сая төгрөгийн үйлчилгээ үзүүллээ гэж бодъё. Энэ тохиолдолд дээрх хүн нийгмийн даатгалын 10 гаруй хувийн шимтгэлийг өөрөөсөө төлнө. Мөн орлого олсны 10 хувь, НӨАТ-ын 10 хувийн татварыг тус, тус төлнө. Цаашлаад гэрээ хийж ажил олгосон байгууллага тэр хүний өмнөөс 12.5 хувийн татварыг төлнө. Ингээд нийт 40 гаруй хувийн татварыг төлөөд байна шүү дээ. Энэ бол ихдэхээр барах уу татвар юм. Ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж буй иргэн орлогоосоо бензин, сэлбэг хэрэгслийн төлбөрөө төлөхөөс гадна гэр бүлдээ зарцуулна. Энэ дарамтаас болж иргэдийн бизнес эрхлэх талбар алга болоод байна.
Нөгөө талаасаа Нийгмийн даатгал нь зайлшгүй байх зүйл. Тиймээс иргэний хуулиар гэрээ байгуулан ажиллаж буй бизнес эрхлэгчдээс албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл авдгаа болъё.
Харин хөдөлмөрийн харилцаа буюу ажилтан, ажил олгогч хоёрын харилцаанаас л нийгмийн даатгалаа авдгаараа авдаг болъё гэж байгаа юм. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Одоо бол хувиараа бизнес эрхлэгчид энэ мэт олон татварын ачааллыг дийлэхээ больсоноос болоод гадаад явж ажил хийе л гэж байна шүү дээ. Ажлын байр олноор бий болсноор хүн амын орлогын албан татвар өснө.
-Төсөвт хэр их ачаалал ирэх вэ. Судалгаа хийсэн үү?
-Нийгмийн даатгалын сангийн багасах дүн маш бага буюу төсвийн орлогын 0.14 хувь. Маш бага дүн төсвөөс багасах ч нөгөө талдаа олон хүний ажлын байр, бизнесийн орчин илүү таатай болно.
-Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас нийгмийн даатгал төлүүлдгийг болиулах талаар мөн хуульд тусгаж байгаа юм байна. Одоо бол бүх зардлаас л татвар авч байна шүү дээ?
-Цалин түүнтэй адилтгах орлого болон Хөдөлмөрийн хуулинд заасан цалин түүнтэй адилтгах орлого гэдгийг ялгах ёстой. Хөдөлмөрийн хуулинд заасан цалин түүнтэй адилтгах орлогод байгууллагаас олгож буй хөнгөлөлт, урамшуулал буюу унаа, байр, байрны ашиглалт, түлшний зардал орно. Гэтэл энэ бүхнээс нийгмийн даатгалын шимтгэл авахыг болъё гэж байгаа юм. Ингэснээр ажилтан хүнд очих цалин нэмэгдэж ахуй, амьдралд нь эерэг нөлөөлөл үзүүлнэ. Мөн байгууллага өөрөө үүнээсээ сэдэлжиж ажилчдадаа хангамж өгөхөө нэмэгдүүлэх замаар хүн амын орлогын татварыг өсгөнө. Цаашлаад байгууллага цалингийн сангаасаа хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Ингэхдээ нэг хүний цалингийн дээд хязгааргүй байсан. Үүнийг дээд хязгаартай болгоно.
Хувь хүн цалингаасаа шимтгэл төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалснаас дээшхи хэмжээнээс төлөхгүй байж болдог. Байгууллага бол хязгааргүй төлдөг. Тэгэхээр байгууллагыг ч ялгаагүй ижил болгох хэрэгтэй.
-Өнөөдөр ажилтан, ажил олгогч нийлээд 24 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. Энэ өндөр хувь хэмжээг бууруулах талаар хуулийн төсөлд тусгаагүй юм байна. Тийм үү?
-Тусгаагүй. Судалгааг хийж байна. Ямар орлогоосоо нийгмийн даатгал төлөх вэ гэдгээс хамаарч нийгмийн даатгалын ачаалал хаана байгаа нь тодорхой болдог. Цалингаас олгож буй дээрх хувь нь олон улсынхтай харьцуулахад хэт өндөр ч биш, бага ч биш. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн нийт орлогыг бууруулахгүй байж тэтгэвэр тэтгэмжээ нэмэх бодлогыг барих ёстой. Одооны байж байгаа байдлаар орлого хэлбэр төдий өсөөд нөгөө талдаа ажлын байрыг багасгаад байхаар дунд хугацаандаа ажлын байргүй болж орлого огцом буурах эрсдэлтэй юм. Тиймээс зөв зохистой хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг авснаар орлого жигд өснө. Энэ хэрээр дотоод эдийн засаг сэргэнэ.
-МИНИЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ОРЛОГО ТАЛЫГ ЦЭГЦЛЭХ ЮМ-
-Хуулийн төслийг боловсруулж буйтай холбоотойгоор та хэлэлцүүлгүүдийг хийж байна. Энэ хэлэлцүүлэгт нийгмийн давхарга бүрийг хамруулж чадаж байна уу. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчид хэлэлцүүлэгт ямар саналыг дэвшүүлж байна. Тэд бодит нөхцөл байдлыг хэрхэн ярьж байна вэ?
-Татвар, нийгмийн даатгалын дарамтаас бизнес босох боломжгүй болсныг хэлэлцүүлгээс ойлгож авч байна. Тийм учраас манай хуулийг хүмүүс их таатай хүлээж авч байгаа. Нөгөөтэйгүүр төр, иргэн, аж ахуй нэгжийн итгэлцэл бий болж, татвар даатгалын зохистой хувь хэмжээн дээр санал нэгтэй байх нь л чухал. Түүнээс нийгмийн даатгалын шимтгэл байх ёстой юу гэвэл тийм. Хэт бага байвал тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж доголдоно. Хэт их байвал орлого олдог хэсгээ устгаж дуусгах юм. Одоо бидний байж байгаа байдал энэ шүү дээ. Тэгэхээр зохистой дүнгээс зохистой хэмжээгээр зохистой аргачлалаар авах ёстой. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх гэж байна. Иргэдийн саналыг энд тусгахын тулд ажиллана. Харин миний хуулийн гол санаа нь орлого талыг л цэгцлэх юм. Орлого, зарлагын аль нь ч бай маш том тооцоо судалгаан дээр үндэслэн хуулийг боловсруулна шүү дээ. Эхлээд өргөс шиг гурван заалтыг цэгцэлчих хэрэгтэй. Орлого талаа маргаангүй болгоод ямар юмнаас нийгмийн даатгалын шимтгэл авах ёстойгоо тодорхой болгоод өгөх ёстой юм. Үүний тулд ажилласан.
-Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувийг бусад ажил хийж буй хүмүүс хувааж төлж байна. Үүнийг шударга бус гэж үзэх хүн олон байдаг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-Таны хэлээд буй энэ шударга бус асуудал чинь зарлага талтай холбоотой. Үүн рүү би зайлшгүй орно. Гэхдээ Засгийн газраас дээрх асуудлыг өөрчлөх саналыг оруулж ирж магадгүй. Оруулж ирэхгүй бол бид тодорхой санал гаргаад явна. Нийгмийн даатгалын философийг бид ойлгох ёстой. Тэтгэврийг хүн бүр авах ёстой гэж би боддог. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй хүний тэтгэвэр тогтоох насыг өндөрсгөж багахан хэмжээний тэтгэвэр өгнө. Насаараа ажилласан хүн өндөр тэтгэвэр авна. Гэхдээ бүгд жигд авна гэх мэт.
-Хүмүүс тэтгэврийн хувь хэмжээндээ сэтгэл хангалуун бус байдаг. Улсад насаараа ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд багахан тэтгэвэр авч байна гэж гомдолдог. Тэгэхээр тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлэх мөн шаардлага бий бөгөөд үүнийг ойрын хугацаанд хийх үү?
-Үүн дээр бол зайлшгүй ажиллах шаардлагатай. Дундаж тэтгэврийг нэмэхийн тулд тэтгэврийн тухай ойлголтыг маш зөв өгөх ёстой юм. Хүн бүрт хүртээмжтэй болгохын тулд ямар харилцааны шалгуураар тэтгэврийн хувь хэмжээг тогтоох вэ. Хамгийн оновчтой зөв хэмжээ нь хэд юм. Индексжүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Энэ бол олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн болон өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа хүний тэтгэврийн хувь хэмжээний зөрүү шүү дээ. Тэгэхээр индексжүүлэхгүй одоо байгаа, өнөөдрийн ханшаар тэтгэврийг тогтоох ёстой. Учир нь өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүс тэр үеийнхээ ханшаар л татвар төлсөн шүү дээ. Олон жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс өндөр тэтгэвэр, цөөн жил ажилласан нь арай бага, бүр огт ажиллаагүй бол өндөр цалинтай нь дундажлаад олгох ёстой. Тэтгэврийн дундажийг жилээс жилд өсгөх нь манай нийгэм эдийн засгийн бодлогын нэг зорилго шүү дээ. Үүний блансыг л бид тогтоох ёстой вм. Зарим хүн төлсөн мөнгөө өөрийнхөө дансаар буцааж авч чадахгүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхөө болъё гэж байна. Энэ улс орны нийгэм эдийн засгийн бодлогыг явуулах ёстой. Бүгд эргээд тэтгэвэрт гарна. Тэгэхээр дундаж тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд зохистой орлогоос зөв хэмжээгээр авч байж өснө. Ажлын байр нэмэгдэх тусам орлого нь өсөх юм. Хэтрүүлчхээр болохоо байж байна. Тэтгэврийн хувь хэмжээг шударга болгох ёстой.
-Ярилцсанд баярлалаа