АНУ-ын Колумбийн тойргийн холбооны шүүх Ассошиэйтед Пресс /AP/ агентлагийн Цагаан ордонд нэвтрэх эрхийг сэргээх шийдвэр гаргажээ. Уг шийдвэрээр Д.Трампын засаг захиргаа АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлт буюу "үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн болох"-ыг тогтоосон байна.
Шүүгч Тревор МакФадден Д.Трампын ерөнхийлөгчийн үед гарсан уг хэрэг дээр шийдвэр гаргахдаа, “Засгийн газар нэг хэсэг сэтгүүлчдэд хаалгаа нээж байгаа бол үзэл бодлоос нь болж нөгөө хэсэгт хааж болохгүй” хэмээн онцолсон байна.
Энэхүү маргаан нь Д.Трамп албан тушаалд эргэн орсон даруйдаа Мексикийн буланг “Америкийн булан” болгон өөрчлөхийг шаардсан зарлигийн дараа үүссэн.
Гэвч AP агентлаг олон улсын хэрэглэдэг газарзүйн нэршлээ өөрчлөхөөс татгалзсан бөгөөд үүний хариуд тус агентлагийн сурвалжлагчийг Цагаан ордны хэвлэлийн бага хурлуудаас хасч, ерөнхийлөгчийн онгоц болох Air Force One-д хамт явах эрхийг нь цуцалсан юм. Харин AP агентлаг шүүхэд хандаж, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт, штабын дарга Сюзи Уайлс болон түүний орлогч Тейлор Будович нарыг нэр бүхий хариуцагч болгон нэхэмжлэл гаргасан юм.
АР-ын хэвлэлийн төлөөлөгч Лорен Истон шүүхийн дээрх шийдвэрийг сайшааж, “Өнөөдрийн шийдвэр нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан, засгийн газрын дарамтаас ангид чөлөөтэй үг хэлэх эрхийг баталсан чухал алхам боллоо. Энэ эрхийг АНУ-ын Үндсэн хууль бүх иргэддээ баталгаажуулсан байдаг” хэмээн мэдэгджээ.
Гэсэн ч шүүгч Т.МакФадден шийдвэрээ ням гараг хүртэл хэрэгжүүлэхгүй байхаар хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд Д.Трампын захиргааны өмгөөлөгчид давж заалдах боломжтой юм. Д.Трампын талын хуульчид “үг хэлэх эрх” нь Цагаан ордны “тусгай хэсэг” биш гэж мэдэгдсэн. Учир нь тэдний тайлбарлаж буйгаар, тухайн сурвалжлагчийг Цагаан ордны "цөөрөм" буюу хэвлэлийн гол хэсэгт нэвтрэхээс хассан нь үндсэндээ дотоод журамтай холбоотой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC