АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп импортын өндөр татварыг 90 хоногоор хойшлуулна хэмээн зарласны дараа Азийн хөрөнгийн биржүүд огцом өсөлттэй арилжаагаа эхлүүлжээ. Тодруулбал, түүний мэдэгдэл нь өмнөх өдрүүдэд уналттай байсан зах зээлүүдийг сэргээх хөшүүрэг болсон байна.
Тухайлбал, Д.Трампын мэдэгдлээс нэг цагийн дараа:
- Японы Nikkei 225 индекс 7.6 хувиар,
- Өмнөд Солонгосын Kospi индекс 5 хувиар,
- Тайваний Taiex индекс 9.25 хувиар,
- Австралийн ASX 200 индекс 4.6 хувиар өссөн байна.
Хэдийгээр АНУ, Хятад хоёрын худалдааны дайн үргэлжилж байгаа ч Хятадын хөрөнгийн зах зээл хүртэл эерэг хариу үйлдэл үзүүлсэн байна. Шанхайн SSE Composite индекс 1.3 хувиар, Хонг Конгийн Hang Seng индекс 3 хувиар өсжээ. Д.Трамп өчигдөр Хятадын бараанд ногдуулах импортын тарифыг 125 хувиар болгон нэмэгдүүлж буйгаа зарласан. Энэ нь Бээжингийн өмнө нь АНУ-ын импортод 84 хувийн тариф ногдуулсан шийдвэрийн дараа гарч буй хариу алхам юм.
Түүнчлэн Д.Трамп Хятадаас бусад 60 орчим улс руу чиглэсэн өндөр татварыг түр хугацаанд зогсоож, оронд нь 10 хувийн суурь татвар, мөн өмнө нь ногдуулсан автомашин, ган, хөнгөн цагааны 25 хувийн тарифууд хүчинтэй хэвээр үлдэнэ хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү шийдвэрүүд нь дэлхийн зах зээлд шууд нөлөө үзүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж эхэлжээ.
Эх сурвалж: BBC