О.Батнайрамдал: Оюутолгой ХХК-д төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг Засгийн газар яаралтай эхлүүлэх шаардлагтай

О.Батнайрамдал: Оюутолгой ХХК-д төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг Засгийн газар яаралтай эхлүүлэх шаардлагтай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу Толгойн зэс, молибдений бүлэг ордтой холбогдох таван ашиглалтын тусгай зөвшөөрлийн хоёр тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Онтрэ ХХК-ийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьжээ. 

Тэрбээр энэ талаараа мэдээлэл хийж " Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Онтрэ ХХК нь Оюу Толгой компанид ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр буюу дөрвөн сарын өмнө Канадын Ванкувер хотын арбиртын шүүх дээр Онтрэ ХХК-тай холбоотой нэг шийдвэр гарсан. Тодруулбал, уг шүүхийн шийдвэрээр Онтрэ ХХК нь Оюу Толгой ХХК-тай 2005 онд байгуулсан гэрээгээ албажуулах үүрэг хүлээсэн. Онтрэ ХХК нь Оюу Толгойн бүлэг ордын 30 хувийг эзэмшдэг нэлээн ач холбогдолтой компани. Тэгвэл Оюутолгойн бүлэг орд, Онтрэ ХХК-д Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоохыг би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууж байна. Тусгай АМНАТ-аар эсвэл хувь эзэмшлээр хувь эзэмших үү гэдгээ санхүүгийн моделиор тооцож тодорхой болгох ёстой. Засгийн газар олон талын тооцооллыг хийж хэлэлцээрт бэлдэн Монгол Улсын эрх ашгийг хангах ёстой гэж үзэж байна. Цаашлаад тус компанитай холбоотой татварын асуудал байна. 2013-2015 оны хооронд 377 тэрбум төгрөгийн татвар, алдангийг Оюу Толгой компанид оногдуулсан. 2016-2018 онд 649 тэрбум, 2019-2020 онд 279 тэрбум нийт 1.3 их наядын татварын маргаан үүсгэжээ. Харин Рио Тинто компаниас Монгол Улсын Засгийн газарт 814 тэрбум төгрөгийн татварыг төлнө гэж хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн. Энэ зөрүүтэй тоог нэгтгэх, эцсийн дүн дээр тогтсон уу гэдгийг энэ асуулгаар мөн хөндөж байна. Үнэ шилжилтийн байдлаар үндэстэн дамнаж татвараас зугтаадаг арга бий. Үүнээс сэргийлэх хүрээнд оффшор бүсэд тооцогдох Нидерландын Вант Улстай давхар татварын хэлэлцээрийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цуцласан. Харин 2023 оны арванхоёрдугаар сард Оюу Толгой ХХК нь Нидерландын Вант Улсад бүртгэлтэй толгой компаниа Монгол Улстай давхар татварын хэлэлцээртэй Сингапур Улс руу шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх эрсдэлийг дахин үүсгэхгүй байх хүрээнд авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл болон цаашид Оюу Толгой ХХК Монгол Улсад шударгаар татвар төлөх суурь нөхцөл бүрдсэн эсэх талаарх мэдээллийг мөн тодруулмаар байна.

Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан 18-20 тэрбум орчим тэрбум ам долларын нийт өрийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий этгээд буюу толгой компани болох Рио Тинто компанид хуваарилагдаж буй болон мөн уг өрийн үүссэн нөхцөл, хүүгийн төлбөр хэдэн ам.доллароор /төгрөгөөр/ тус, тус тооцогдож буй талаарах дэлгэрэнгүй мэдээллийг мөн авмаар байна. 2025 оны байдлаар Оюу Толгой төсөл нь 5000 хүрэхгүй үндсэн ажилтантай боловч туслан гүйцэтгэгч компанийн 20.000 гаруй ажилтан уг бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Тайлант он Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төсөл хэрэгжүүлэгчээс тогтвортой олборлогч компани руу шилжилт хийхтэй холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөний талаарх мэдээлэл цаашлаад УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолд заасны дагуу Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хийгдсэн хөндлөнгийн аудитын тайлангийн мэдээлэл хэрэв энэ аудитын хийгээгүй бол яагаад хийгээгүй талаарх мэдээллийг авах хүсэлтийг илэрхийлж байна. Мөн Рио Тинто компани нь олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжаалагддаг Туркойз Хилл Ресусес компанийн гаргасан хувьцааны 49 хувийг 2022 онд худалдан авч хаалттай компани болгосны  улмаас өмө нь олон нийтэд нээлттэй байсан Оюу Толгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон. Оюутолгой ХХК-г дахин нээлттэй компани болгох уу энэ мэт асуултын хариуг ирүүлэхийг хүсч байна” гэлээ.