Х.Тэмүүжин: УИХ-ын чуулганы танхимын хойморт Ерөнхий сайд гарч суудгийг болиулах хуулийн төсөл боловсруулж, өргөн барина

Х.Тэмүүжин: УИХ-ын чуулганы танхимын хойморт Ерөнхий сайд гарч суудгийг болиулах хуулийн төсөл боловсруулж, өргөн барина

Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2025.04.14/ хуралдсан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүлэн, Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: УИХ-ын хавар, намрын чуулганаар ардчилсан нам ямар асуудлууд дээр төвлөрч ажиллах бодлогын баримт бичгүүдийн талаар хэлэлцлээ. Хоёрдугаарт нь, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны түвшинд тусгай хяналтын дэд хороо байгуулах талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн гаргасан саналуудыг хэлэлцсэн. Төрийн албаны давхардсан байдал, чиг үүрэг зэрэг асуудлаар танилцуулга хийгдлээ.

-ИРГЭНИЙ БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭМЖИХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛНА-

Түүнчлэн эдийн засгийн эрх чөлөө гэдэг ойлголт бидний барих үндсэн сэдэв. Цаг үеийн хувьд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр чухал асуудал болчихоод байна. Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөө өнөөдөр аажмаар хумигдаж байна. Эдийн засаг үндсэндээ төр болон төрийн өмчит компани, төрөөс тусгай зөвшөөрөл авдаг бизнесүүдийг нэмбэл бараг эдийн засгийн 90 хувьд хүрчихсэн. Цаад үлдэж байгаа 5-10 хувь дээр 200 мянган аж ахуйн нэгж ажилладаг ийм нөхцөлд байна. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөөг дэмжиж ажиллах бодлогын баримт бичиг дээр төвлөрнө. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хагас эрх чөлөөт орон гэж олон улсын байгууллага дүгнэсэн байгаа. Монгол Улсад өмчийн эрхийг хамгаалж байгаа байдал, төрийн оролцоо, шударга бус байдал, авлигажсан байдал зэрэг нь Монгол Улсыг эдийн засгийн эрх чөлөөний хувьд хумигдмал байдалд оруулжээ. Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй орны ДНБ нэг хүнд ногдож байгаа баялгийн хэмжээ шууд хамааралтай нэмэгдээд явдаг. Монгол Улсын хувьд тээр дор 5000-6000 ам.доллартай тэнцэж байна. Энэ тал дээр бид хуулийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулж ирэх чуулганаар хэлэлцүүлж ажиллана.

-ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛД ХАРАГДАХГҮЙ БОЛОВЧ ХЭЛБЭРИЙН ТОМ УХРАЛТУУД ХИЙСЭН БАЙНА-

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 1992 оны үндсэн  хуулийн гол үзэл санаа эрх мэдэл хуваарилалтын зарчим байсан. Үүний нэг агуулга бол УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор улс орны гадаад дотоод бүх асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагддаг. Энэ хүрээнд Монгол Улс парламентын ардчилал буюу УИХ нь гол шийдвэрүүдийг гаргах ноён нуруу болсон байгууллага. Энэ чиглэлд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралтууд хийсэн юм байна гэж харж байна. Тэрний нэг нь УИХ-ын чуулганы хойморт гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн Ерөнхий сайд гараад суучихдаг юм байна. УИХ-ын чуулган, УИХ-ын гишүүд Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдаас асуулт асуухад хуралдаан даргалагчаас асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг юм байна. Парламентын ардчилалтай улсуудад парламентын танхимд Ерөнхий сайд нь орж ирээд хойморт нь суудаг улс алга. Тийм учраас Ардчилсан намын бүлгийн зүгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүднээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы толгойд Ерөнхий сайд гарч суудгийг болиулж, УИХ-ын 126 гишүүний дунд орж суудаг болгох тухай хуулийн төсөл өргөн барих гэж байна.

-"ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ"-ИЙГ "УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГ" БОЛГОЖ ӨӨРЧИЛНӨ- 

Хоёрт УИХ-ын дэгийн тухай хуулинд "Ерөнхий сайдын мэдээллийн цаг" гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийн цагаар ямар мэдээлэл өгөхөө өөрөө сонгож, УИХ-д санал болгодог, Засгийн газрын буюу Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч УИХ эргэлддэг байдал ньУИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна гэдэг Үндсэн хуулийн зарчмыг эвдэж байна. Бусад парламентад парламентын гишүүд нь асуудаг болохоос Ерөнхий сайд нь “Би ийм зүйл яримаар байна” гэж санал тавьдаггүй. Тийм учраас “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-ийг “УИХ-ын асуулгын цаг” гэж өөрчлөөд УИХ-ын гишүүд  Ерөнхий сайдаас ямар асуулт асуухаа мэдэж асуудаг тэр асуултын хүрээнд тойрч тайлбар мэдээлэл өгдөг, холбогдох сайдаа дагуулж орж ирдэг зарчим руу шилжих шаардлагатай байна. Үгүй бол УИХ Засгийн газарт хяналт тавих бус эсрэгээрээ “УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо” гэдэг бодит шүүмж явж байна.

-УИХ-ЫН ЧУУЛГАН ДЭЭР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО- 

Гуравт УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа алба хаагчид албан тушаалтнууд хариуцлагатай байя гэдэг тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг байдал газар авлаа. Үндсэн хуулинд болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ болон УИХ-ын чуулган дээр бусдыг гүтгэж доромжлохоос бусдаар хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүдээс бусад албан тушаалтнууд УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой.  Энийг зогсоохын тулд УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалт боловсронгуй болгох шаардлагатай байна. Иргэдээ худал мэдээлэл өглөө гэж шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаар хуулийн хариуцлага тооцдоггүй байж болохгүй. УИХ-ын чуулган дээр худал мэдээлэл өгсөн албан тушаалтанд нийтийн албанд томилогдохгүй гэдэг зохицуулалт хийх шаардлагатай байна. Ийм гурван асуудлаар хуулийн төсөл боловсруулж УИХ-ыд өргөн барихаар боллоо.