2008-2009 онд ОХУ-ын “Роснефть” компани Монгол Улсад 100 ширхэг шатахуун түгээх станц байгуулах саналыг тавьсан бөгөөд энэ нь тухайн үед улс төр, эдийн засгийн хүрээнд өргөн хэлэлцэгдсэн ч УИХ-аас эцэслэн батлагдаагүй юм.
Тодруулбал, 2008 оны эхээр “Роснефть” компани Монголд шатахууныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхийн тулд Улаанбаатар, Дархан, Орхон зэрэг гол төвүүд болон “Мянганы зам”-ын дагуу нийт 100 ШТС байгуулах нөхцөлийг санал болгосон бөгөөд энэ нь Монголын шатахууны жижиглэнгийн зах зээлд оролцох эрх авах байсан юм. Энэ саналыг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын Засгийн газар хэлэлцэж, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан байдаг. Харин УИХ-ын гишүүдийн олонх нь Монголын шатахууны зах зээлд Оросын монополь тогтох эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж, хуулийн төслийг дэмжээгүй юм.
ВИДЕО:
-15 ЖИЛИЙН ДАРАА ОРОСУУД ДАХИН ТУЛГАН ШААРДЛАА-
Тэгвэл 15 жилийн дараа түүх давтагдаж ОХУ-ын “Роснефть” компани болон Монголын “Эрчис ойл” компани хамтран “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулах, Оросын тал 20 жилийн хугацаанд онгоцны түлш нийлүүлэх нөхцөл бүхий “тулгалт” гэж болох хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.
Тухайлбал, Гэрээнд маргаан гарсан тохиолдолд ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхээр шийдвэрлэхээр хэлэлцээрт заасан байгаа юм. Мөн хэлэлцээрийг цуцалсан тохиолдолд хүчинтэй байх хугацаанд энэхүү хэлэлцээрийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлэхэд нөлөөлөхгүй гэж заасан нь “гэрээг цуцлахыг зөвхөн оросын тал л мэднэ” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Мөн Роснефть Монголын онгоцны түлшийг 20 жил хангахдаа өөрсдөө тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ Оросоос оруулж ирж, орос хүнээр удирдуулах аж. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын талаас татварын бүх төрлийн хөнгөлөлтийг эдлэх бөгөөд оросууд чөлөөтэй Монгол Улсын жилээр орж, гарах нөхцөлийг бүрдүүлэхийн мөн хүсжээ.
Харин УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, “Гэрээний долдугаар зүйлийг харвал зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ төдий биш байна. Тодруулбал, Монголын татварын хөнгөлөлт, тарифыг 20 жилийн хугацаанд тогтвортой байлгах, ямар нэгэн байдлаар өөрчлөх эрхийг нь маш тодорхой хааж өгсөн байна. Монгол Улсын хууль тогтоомжид орж буй өөрчлөлтийг энэ гэрээ хэлэлцээрт тусгахгүй. Энэ мэтээр хэт нэг талыг барьсан, тулган шаардалтын баримт бичиг байна. Маргаан гарвал Оросын шүүхээр шийдэгдэх нь. Манай талын эрх ашиг гэж зүйл үнэндээ алга” гэсэн юм.
ВИДЕО:
О.Цогтгэрэл: Манай улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа маш чухал. Гэтэл гуравдагч хөрш рүү гарах гол зам нь агаарын орон зай. Гэтэл энэ орон зайгаа гаднын компанид хэт давуу эрх өгч 20 жилээр гэрээ хийх гэж байна@Tsogtgerel_O pic.twitter.com/weUbCVw27U
— Ардчилсан намын бүлэг (@anbuleg) April 16, 2025
-ДАГУУЛ УЛС ШИГ БАЙЛГАХ ГЭСЭН ОРОСУУДЫН "УРТ ГАР"-ЫН БОДЛОГО УУ-
Манай улсын Мэргэ ван, Эрчис ойл гэсэн төрийн болон хувийн хэвшлийн компаниуд ОХУ-ын “Роснефть”, эсвэл түүний охин компани болох “Роснефть-Аэро”-гоос арилжааны журмаар онгоцны шатахуун худалдан авч монголд оруулж ирдэг. Товчхондоо, хоёр компанийн хооронд болоод л байгаа асуудал. Иймд нисэх буудлаа өгч, татварыг 20 жил тогтворжуулж, маргаан гарвал ОХУ-ын шүүхээр шийдэх хэлэлцээр байгуулах ямар ч шаардлагагүй.
Харин ОХУ-ын “Роснефть” компани цогцолбороо “Чингис хаан” нисэх буудалд бариад онгоцны шатахууныг 20 жил тасралтгүй нийлүүлж эхэлбэл Монгол Улс нэг улсаас хэт хамааралтай болох эрсдэлтэй юм. Учир нь 20 жил хангана гэдэг бол 20 жил Монголын нислэгийн аюулгүй байдал, олон улсын тээвэр, агаарын хил рүү шууд нөлөөлж магадгүй гэсэн үг юм.
Нөгөөтэй АНУ, Франц, Япон, Солонгос зэрэг барууны орнуудтай харилцах манай харилцааг санаатайгаар саармагжуулж зорилготой ч байж болзошгүй. Тодруулбал, Монгол улс гаднаас харахад “ОХУ-ын логистикийн хараат орон” болон харагдах ч магадлалтай. Энэ бол дагуул улс шиг байлгах гэсэн оросуудын “урт гарын” бодлого ч байж магадгүй юм.
Хамгийн хачирхалтай нь, Оросын компаниуд ихэвчлэн өөрийн улсдаа, эсвэл цэрэг, улс төрийн нөлөө бүхий Беларусь, Тажикстан орнуудад нефть, шатахууны хангамж хийдэг бөгөөд манай улсынх шиг иргэний нисэхийн шатахууныг нь 20 жил дангаар хариуцаж байсан тохиолдол байхгүй. Тухайлбал, Казахстан, Узбекистан зэрэг Төв Азийн орнуудад хүртэл Орос зөвхөн шатахуун нийлүүлэгчийн байр суурьтай байдаг аж.
Монгол Улс парламентын засаглалтай. Учир нь Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Харин өнөөдөр оросын “тулгалт” гэж болох хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэж байна. Иймд 2009 онд ОХУ-ын “Роснефть” компанийн Монгол Улсад 100 ширхэг шатахуун түгээх станц байгуулах саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь хүлээж аваагүй түүхийг өнөөдрийн монголын 126 гишүүнтэй парламент давтах уу гэдгийг харах л үлдээд байна.