ТББХ: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.04.16/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 03 дугаар дүгнэлт гаргасан юм.

Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд 2025 оын 03 дугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталсан билээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дэх хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна.” гэж, мөн зүйлийн 84.5 дахь хэсэгт  “Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.” гэж заасан тул Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Ажлын хэсэг 3 удаа хуралдсан бөгөөд боловсруулсан хуулийн төслийн талаар тус ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй байх агуулгатай хэсгийг хүчингүй болсонд тооцохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийн Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байх зохицуулалтыг аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор зохион байгуулсан уулзалт болон тус хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар өөрчлөхөөр хуулийн төсөл боловсрууллаа хэмээн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан болно. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтад заасан “эд зүйл тараах” гэсэнд хийсэн ажлын цахим тайлан хамаарахааргүй байна ажлын хэсэг үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44.6-д “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан. Энэ зүйл дэх УИХ-ын гишүүн гэснийг аливаа этгээд гэж өргөжүүлэн дээрх эрхийг олгохоор хуулийн төсөлд тусгажээ гэж ойлгож байна. Аливаа этгээд гээд өргөжүүлэхээр сонгуулийн жил эхлэнгүүт сонгуулийн кампанит ажил эхлэх эрсдэл үүсэхгүй юу хэмээн лавласан.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хоёр агуулгатай байгаа. Сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл УИХ-ын гишүүн тайлангийн хэвлэмэл материал тарааж болох заалт нь УИХ-ын гишүүдэд давуу байдлыг олгосон байна гэж үзсэн. Мөн хурал, уулзалт, цуглаан хийх нь зөвхөн гишүүдэд хамаатай байх нь Үндсэн хуулийн тэгш байх, албан тушаалаар нь ялгаварлахгүй байх зарчмыг зөрчсөн байна гэсэн утгатай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан.

Ажлын хэсгийн гишүүд хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал нэгдүгээрт, сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэлх хугацаанд аливаа этгээд хурал, уулзалт, цуглаан хийх эрх нээлттэй болно. УИХ-ын гишүүн гэж хуульд заасан байсныг аливаа этгээд болгосон бөгөөд үүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, жирийн иргэн ч хамаарна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт хэн нэгэнд давуу байдлыг бий болгоод байна гэж үзсэнд байгаа юм. Тэгэхээр бүгд сонгуулийг тэгш гараанаас эхэлж, бүгд эрх тэгш байхын үүднээс бүгдэд уулзалт, хурал, цуглаан хийх эрхийг нээж өгөхөөр хуулийн төсөлд тусгасан.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Энэ хугацаандаа гишүүд ажлаа тайлагнах, төр, засгийн бодлого шийдвэрийг танилцуулах үүрэгтэй. Тэгэхээр салбарынхаа ажлыг, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг тэрхүү хурал, уулзалтын үеэр ярих нь зүйтэй гэж үзсэн. Зөвхөн УИХ-ын гишүүн уулзалт зохион байгуулж ажлаа ярьж болдог, жирийн иргэнд хаалттай байж болохгүй юм. Тиймээс ажлын хэсэг аливаа тайлан, уулзалт, хурал цуглааныг сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл нээгээд, хэвлэмэл материалыг энэ хугацаанд хориглож байгаа юм. Учир нь ажлын тайлангаа гэдэг нэрийн доор төсвийн санхүүжилтээр олон зуун хуудастай тайлангийн сэтгүүл гаргадаг. Энэ нь УИХ-ын гишүүдэд жирийн иргэдээс давуу байдлыг бий болгохоос гадна далд сурталчилгаа явагдаж байна, нөгөө талаар тайлан хэвлүүлж тараахад төсвийн мөнгө зарцуулж байна гэж үзсэн. Тийм учраас хэвлэмэл материал тараахыг сонгуулийн жил эхэлснээс хойш бүгдэд хаалттай болгож, уулзалт, хурал, цуглааныг нээлттэй хэвээр үлдээхээр тусгасан.

Ажлын тайлан, салбарын тайлангаа цахимаар танилцуулаад тайлагнах нь нээлттэй байхаар оруулж өгснөөр бүгд эрх тэгш байх, төсвийг хэмнэх үр ашигтайгаас гадна Үндсэн хуулийн агуулга ч хангагдана гэж үзсэн гэсэн хариулт өгсөн.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулж батлах горимын саналыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 4.1-д заасныг үндэслэн Төрийн албан албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Төрийн албан зөвлөлийн төрийн албан хаагчийн төлөөлөл болох хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд Төрийн албан тухай хуулийн 68.2-т “Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батална” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Төрийн албан зөвлөлийн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Удирдлагын академи, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэн газраас төрийн албанд олон жил ажилласан удирдах албан тушаалтан нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр байгуулна гэж заасны дагуу Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр тус комиссын бүрэлдэхүүнд нэр авахаар холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан байна. Үүний дагуу Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг тэрбээр тодотгосон.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Төрийн албан албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.