“Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог”-ийн үлгэрээр Ерөнхийлөгчийн Шинэ Хархорум, Ерөнхий сайдын Хүннү хот төслүүд зэрэг хийгдэж байгаа нь эрсдэл дагуулж байна

“Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог”-ийн үлгэрээр Ерөнхийлөгчийн Шинэ Хархорум, Ерөнхий сайдын Хүннү хот төслүүд зэрэг хийгдэж байгаа нь эрсдэл дагуулж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1.7 сая орчим буюу нийт хүн амын тал хувь нь ажиллаж, амьдарч байгаа гэх тоо баримт бий бөгөөд энэ их төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулж, хумьж бус тэлж хөгжүүлэх нэг боломж бол шинэ хот байгуулах явдал. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна төвлөрсөн хот байхгүйгээс дөрвөн уулын дунд бөөнөөрөө түгжрэн амьдарч буй. Иймд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар шинэ хот байгуулах төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ "ШИНЭ ХАРХОРУМ" ХОТОО, ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ "ХҮННҮ" ХОТЫН ТӨСЛӨӨ УРАГШЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙ-

Тодруулбал, Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр зарласан байдаг. Улмаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигт эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол Улсын хөгжлийн шинэ төв байгуулах томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Шинэ Хархорум хот байгуулахад шаардагдах нийт хөрөнгө нь 26.5 тэрбум ам.доллар байх тооцоо гарсан бөгөөд хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 2024 онд 30 тэрбум төгрөг, 2025 онд 30.8 тэрбум төгрөгийг тус тус төсөвт суулгаад байна.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нарын зүтгүүлж буй Шинэ Зуун мод буюу Хүннү хотыг Богдхан уулын баруун урд, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт байгуулахаар төлөвлөсөн.

2040 онд бүх л ажил хийгдэж, Засгийн газар яам, агентлагуудынхаа хамтаар нүүж очсон байхаар зураглаад буй. 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдөр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор “Шинэ Зуунмод хот”-ыг нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан. Улмаар Шинэ Зуунмод хотыг Хүннү хот хэмээн нэрийдэхээр болсон юм. Харин Шинэ Зуунмод хот байгуулах төсөлд нийт 500 орчим тэрбум төгрөг зарцуулагдах урьдчилсан тооцоо гарсан бөгөөд 2022 онд 33 тэрбум төгрөг, 2025 онд 98.2 тэрбум төгрөгийн төсөвт суулгасан.

-ХОЁР ТУУЛАЙ ХӨӨСӨН ХҮН ХООСОН ХОЦОРДГИЙН УЧИР..-

Ийнхүү Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийг хөгжүүлэх, нийслэлийн дагуул болон бусад хотуудыг хөгжүүлэх үүднээс хот шинээр байгуулахаар төлөвлөсөн нь маш зөв санаа гэдгийг инженерүүд хэлж буй. Шинэ хотыг байгуулснаар Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байгаа. Аль аль нь улсыг хумьж бус тэлж хөгжүүлэхэд чухал нөлөөтэй мега төслүүд.

Гэвч хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэх монгол ардын зүйр үг бийн учир хоёр томоохон хот байгуулах төрийн өндөрлөгийн хоёр тийш харсан шийдвэр аль ч үгүй хоцрох магадлал их. Майдар хотын гашуун туршлага, хатуу жишээ бидэнд бий. Хот байгуулна гэдэг амаргүй ажил ч дэлхийн олон улс орнууд шинээр хот байгуулж, улс орноо яаж тэлж хөгжүүлж болдгийг харж болно.

Тухайлбал, Казахстан Улс 1997 онд нийслэлээ Алматыгаас Акмола руу шилжүүлэн, дараа жил нь Ерөнхийлөгч асан Н.Назарбаевийн зарлигаар нийслэл хотын нэрийг Астана болгон өөрчилсөн байдаг. Астана хотыг маш богино хугацаанд буюу сүүлийн 20 жилд маш эмх цэгцтэй төлөвлөсөн бөгөөд нийт 797 км квадрат талбайд боссон уг хотын газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, ногоон байгууламжийг зохион байгуулалттай, өвөрмөц өнгө төрхтэйгөөр шийдсэн талаар олон улсад шагшин магтдаг. Маш богино хугацаанд байгуулсан уг хот одоо Казахстаны хоёр дахь өндөр хөгжилтэй хот бөгөөд нийслэл хотоо болгон нэрлэсэн. Үүнээс жишээ аван бид шинэ хот байгуулах бүрэн боломжтой. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын өөр өөрсдийн санаачилсан томоохон хотыг байгуулах санаа, хоёр тийш харсан шийдвэр эцэстээ хоёулаа Майдар хотын жишээ болоод үлдэж магадгүй юм.