Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.04.18/ мэдээлэл өгч байна. ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхай мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч Г.Үнэнбат ярьж байна.
ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхай мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч Г.Үнэнбат: Монгол Улсад тархины үхэлтэй донорын баг тодорхойлогдоод тэр баг маань үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш бид 12 тархины үхэлтэй донороос элэг авч 12 хүнд амжилттай шилжүүлэн суулгасан байгаа. Энэхүү буянтай үйл ажиллагааны талаар цахим орчинд, ард иргэдийн дунд ташаа мэдээлэл тарсан явдалд ард түмнээсээ уучлалт хүсч байна. Бид энэ удаад тархины үхэлтэй донор болон эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна.
Өнөөдөр ард иргэдийн дунд “Гэнэтийн байдлаар зам тээврийн осолд орж, тархины үхэлтэй нүүр тулсан иргэдээс зөвшөөрөлгүй эд эрхтэнийг нь авчихдаг юм биш биз, эд эрхтэнийг нь наймаалцаад байдаг юм биш биз дээ” гэсэн ойлголт газар аваад байна. Энэ талаар товчхон зөв мэдээлэл хүргэе. Ухаангүй буюу комын байдалтай байгаа хүн болон тархины үхэлтэй хүн хоёрыг гаднаас нь энгийн хүний нүдээр харахад яг адилхан мэтээр харагддаг. Гэтэл комд байгаа хүн бол ямар нэг эмийн эмчилгээ хийлгэж байгаа учраас шокийн байдал нь хэдий хугацаанд үргэлжлэхээс шалтгаалаад буцаад сэргэх боломжтой байдаг. Тархины үхэлтэй донор гэдэг бол комын байдалтай байж байгаад тархи эргэшгүй өөрчлөлтөд ороод хүний тархи зүрх болон амьсгалаас тусдаа үхэждэг. Энэ тохиолдолд хүний зүрх ажиллаж байдаг. Зүрх тархи хоёр хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Тархи үхсэн гэдэг мэдээллийг зүрх авдаггүй. Зүрх бусад эрхтэнүүдийг цусан хангамжаар хангаж байдаг. Ийм үед энэ өвчтөн тархины үхэлтэй болжээ гэдэг дүгнэлтийг гаргадаг. Энэ үеэс тусгай мэргэжлийн тархины үхлийг тодорхойлох баг энэ хүн дээр тархины үхлийг зарладаг бөгөөд энэ үед эрүүл мэндийн хөгжлийн төв М.Батчулуун даргаар ахлуулсан баг очоод өвчтөн болон ар гэрийнхэнтэй уулзаад “Тархины үхэл мөн үү биш үү” гэдгийг шалгана. Дараа нь тархины үхэлтэй донор болж болох уу үгүй юу гэдгийг тодорхойлно. “Болж байна” гэж үзсэн тохиолдолд ар гэрийнхэнтэй уулзалт товлодог. Энэ үед М.Батчулуун даргаар ахлуулсан багийнханд маш хүнд үе тохиодог. Маш хүнд нөхцөлд байгаа ар гэрийнхэнтэй маш богино хугацаанд уулзалт хийж шийдвэр гаргах болдог.
Манай эмнэлэг дээр тархины үхэлтэй донороос нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр, 11 хүнд шөрмөс суулгах хагалгаа хийгээд 14 хүний амь насыг аварч амьдрал бэлэглэсэн. Тархины үхэлтэй донор гарч ирэхэд хоёроос гурван эмнэлэгт 60-80 хүн зэрэг ажиллаж, эрхтэн шилжүүлэх ажлыг хийдэг. Энэ бол М.Батчулуун эмч ганцаараа хийчихдэг ажил биш. Энэ буянтай ажлын хийдэг нэг хүн нь П.Батчулуун эмч. Одоо нийгмийн сүлжээнд нэг хүнийг л буруутгаад байна. Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа бол багийн ажил байдаг. П.Батчулуун эмчийг ялтай хэвээр, өвчний улмаас гэрээр ялыг эдлүүлэх шийдвэр гарч байх шиг байна. Хэдий гэрээр гаргах асуудал яригдаж байгаа ч хоёр шатны шүүхээр П.Батчулуун эмчид ял оноосон хэвээр үлдээх гэж байна. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үндсэн баг буруу үйл ажиллагаа явуулсан мэтээр харагдуулаад байна. Ингэснээр тархины үхэлтэй донор гараад, тэр өдөр хагалгаа хийсэн нийт багийнхныг ялтан болгож харагдуулж байгаад сэтгэл эмзэглэж байна.