Дуу бүр нь дурсамж сэргээх “ALL IN HIT 2” тоглолт өнөөдөр “SocialPay park”-т болно

Дуу бүр нь дурсамж сэргээх “ALL IN HIT 2” тоглолт өнөөдөр “SocialPay park”-т болно

Дуу бүр нь дурсамж хөглөх Мотив, Нэгэн зүгт, Take off, Sync гэсэн 4 хамтлаг хамтарсан “ALL IN HIT 2” тоглолт өнөөдөр SocialPay park-д тоглох гэж байна.

"All in hit-2" тоглолтын продюсер Э.Цолмонбаяр өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр, "Дөрвөн хамтлагийн нэгдсэн тоглолтыг хийх санааг нэг жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа тоглолтууд дундаас энэ удаагийн тоглолтыг онцолж байна. Эдгээр хамтлагийн уран бүтээлчид нэгэн үед уран бүтээлээ хийж байсан гэдгээрээ онцлог. Урьд өмнө нь Монголд гэлтгүй дэлхийд нэгэн үеийн дөрвөн boyband хамтлаг хамтран тоглож байсан тохиолдол их ховор юм билээ. Өмнө нь ийм хамтлагууд зааланд хамтран тоглож байсан ч задгай талбайн шоу зохион байгуулсан нь ховор. Энэ дөрвөн хамтлаг нэгдэж, 20 хоногийн өмнө попури уран бүтээлээ цацсан.

Тэр тусмаа хайрын дуу, поп дуу тухайн цаг үеийн бүх дурсамжийн гэрч болон үлдсэн байдаг. Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаж, үзэгч сонсогчидтойгоо уулзахад бэлэн болоод байна.

Энэ тоглолт дээр дөрвөн хамтлагийн 40 гаруй дууг дуулахаас гадна 2005 оноос хойш 20 жил уран бүтээлээ хийж байгаад завсарласан, тухайн цаг үеийн FM, чартуудыг тэргүүлж байсан өөр бусад уран бүтээлчдийг цуглуулахыг маш их хичээсэн. Жишээлбэл, энэ тоглолтыг зорин БНСУ-аас дуучин А Cool ирж байна. Шоглож хэлэхэд, дуучин BX, дуучин Нара, реппер Темон нараас бусад бүх сонирхолтой олон хамтлаг, дуучин эргэн нэгдэж, тайзнаа гарах болно. Энэ удаагийн зуны задгай талбайн шоуны ар талд 200 гаруй хүн ажиллаж байна. Тоглолтын тайз дэлгэц, дуугаралт, гэрэл чимэглэл маш хурдацтай хөгжиж байгааг энэ тоглолтоос мэдэрнэ. Бид Азийн хэмжээнд тоглолт зохион байгуулахад тун дөхөж байна. Үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож болно. Гэхдээ бидний хувьд маргаашийн тоглолтдоо бүрэн анхаарч байна" гэжээ. 

Хамгаас дотны найз нөхөд, хайртай нэгэнтэйгээ нэгэн үдшийг догдолж, дурлаж, мартагдахааргүй өнгөрөөх боломж ийнхүү хаяанд иржээ. Сонсож өссөн хайрын дуунууд тань таны өмнө дахин амилж, дурсамжаараа аялж, дуу хөгжмийг сайхныг мэдэрч, Мотив, “Нэгэн зүгт, Take off, Sync" хамтлагийнхантай доргио үдшийг хамт өнгөрөөцгөөрэй. 




Өнөөдөр хонь өдөр

17 цагийн өмнө