Өнөөдөр /2025.04.21/ УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанаар "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" –ийг хэлэлцсэн. Ардчилсан нам бүлэг тус хэлэлцээрийг дэмжихгүй гэх шийдвэрийг гаргасан байдаг.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжихгүй байна. Одоогоор хэлэлцээр хийгээгүй байна. Эхний ээлжинд батлагдчихаад байгаа гэрээг харахад Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбогдож байгаа. 20 жил нэг улстай тогтвортой үнээр худалдан авалт хийнэ гэдэг нь эрчим хүч, шатахууны хувьд эрсдлээсээ гарч байна гэж ярьж байна. Гэтэл онолоороо бол нэг газраас тогтмол 20 жилийн турш авна гэдэг чинь эсрэгээрээ баталгаагүй болж байна гэсэн үг. Үнэ ч тэр, нийлүүлэлт ч тэр. Юу ч тохиолдож болно. Манайхтай гэрээ хийж байгаа улс дайнтай байгаа, дроны халдлагууд хүртэл явж байгаа. Бид цар тахлын үед шатахууны хомсдолтой нүүр тулж үзсэн шүү дээ. Хүссэн хүсээгүй цаад айлд эрсдэл учирвал бид түлшгүй болно. Тэгэхээр шатахуун хариуцсан сайд нар үүн дээр тодорхой байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.
Олон улсын гэрээтэй холбоотой асуудалд Б.Батцэцэг сайд ч гэсэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Энэ ганцхан Ц.Туваан сайдын асуудал биш. Засгийн газар цаашдаа Монгол Улс гал алдахгүй байх тал дээр олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх дээр ажиллах ёстой.
Түүнээс биш өнөөдрийн нөхцөл ийм байна гэдгийг яриад бид 30 жил болчихлоо шүү дээ. 2022 онд энэ асуудал орж ирж байхад өнөөдөр Монголын байгаа байдал ийм байна гээд л сайд нар нь ярьж байсан. Түүнээс хойш эх үүсвэрээ нэмэх юу хийсэн бэ? Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломжтойг бүх сайд нар мэдэж байгаа. Тэгээд авъя гэхээр сав байхгүй гэдэг. Сав хийе гэхээр нэг их наяд төгрөгийн асуудал үүсдэг. Заавал төр өөрөө сав хийж яах гээд байгаа юм бэ?. Үүнийг хувийн хэвшлүүдтэй хамтраад хийж болно. Гэтэл хэлэлцээр хийхгүй өнөөдрийг хүрчхээд, одоо нөхцөл байдал ийм байна аа гэж ярих нь байж боломгүй зүйл. Түүнчлэн түлш цэнэглэх цогцолборыг хамтарсан компани эзэмшинэ гэдэг нь өөрөө тэр нисэх буудлыг удирдаж байгаагаас ямар ч ялгаа байхгүй. Тиймээс намын бүлгүүдээс гарч байгаа саналуудыг тусгаж хэлэлцээрийг дахин явуулах хэрэгтэй. Яг энэ маягаараа хүч түрээд явж болохгүй. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор тус асуудлыг хэлэлцэнэ тэндээс санал, дүгнэлт гарах байх. Дараа нь Аюулгүй байдлын байнгын хороогоор ороод эцэслээд, батлах юм бол УИХ-аар соёрхон батлах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах тухай мэдээлэл байна. Энэ бол арай дэндэнээ. Энэ мэдээлэл улс төрийн хүрээнд бодитой байгаа. Манай намын Амгаланбаатар гишүүнийг Ерөнхийлөгчийг хоёр удаа сонгож болох тухай хуулийг төслийг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар боловсруулж буй тухай мэдээлэл гарсан. Тэр бол нийгмийн сэтгэл зүйг шинжилж буй хэлбэр. Манай намын бүлэгт лав ийм хүсэлтэй хүн байхгүй. Ер нь ийм хөдөлгөөн өрнөөд эхэлснийг анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, цэцийн шийдвэрийг гаргуулах байдлаар эсвэл түүнийг нь УИХ хүлээж авах байдлаар ч юм уу. Үндсэн хуулийг хэн нэгэнд зориулж дахин дахин өөрчилж болохгүй. Маш тодорхой ул суурьтай байгаарай, нуруутай байцгаагаарай " гэлээ.