“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай өнөөдөр “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ. Тус хугацаанд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байрыг бий болгоно.

Үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг байх ба энэ жил 800 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг баталсан. Энэ оны хоёрдугаар сараас арилжааны 10 банкаар дамжуулж эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрлийн зээл олгож байна. Эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488 тэрбум төсөвлөсөн бөгөөд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 10 хувьтай байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 83 аж ахуйн нэгжид 300 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тэдгээр зээлийн ихэнх хувийг ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк гаргаад буй. Зээл олголтын ерөнхий багцыг харахад, ноолуурын салбарынхан уг хөтөлбөрөөс олгож буй боломжийг үр дүнтэй ашиглаж байгаа бол арьс шир, ноос, хөөврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид хангалтгүй дүнтэй байна. Түүнчлэн Улаанбаатар болон түүний ойр орчмын бизнес эрхлэгчид зээлд түлхүү хамрагдаж, орон нутгийн иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид орхигдсон байдалтай байна. “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийнхний зүгээс тавьж буй нэг гол зорилт бол уг хөтөлбөрт орон нутагт дээрх чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж буй бизнес эрхлэгчдийг хамруулах явдал юм” хэмээн онцоллоо.

Үүний зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгальд ээлтэй, шинэлэг үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхэлж байгаа бол давуу тал болгож авч үзнэ. Тиймээс 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан Эрдэмтдийн зөвлөлд хандаж, мэдээлэл, сургалт авч болно гэж Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх мөн үеэр мэдээлэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ойрын жилүүдэд Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын санаачилгаар “Шинэ хоршоо”, “Атар-IV” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байна.