УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөв.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Том зургаар нь дэнслээд үзвэл Монгол Улс энэ хэлэлцээрт түр зуур элсэх нь зайлшгүй зөв байна. Монгол Улс хоёрхон хөрштэй. Урд хөрштэйгээ байнга худалдаа хийж байгаа. Хойд болон баруун урд хөрштэйгээ огт хийдэггүй.Эдийн засаг хөгжих, улс хөгжих эхний суурь нь зах зээл. Зах зээлийг нээх, нээхгүй гэсэн хоёрхон сонголт байгаа. Ганцхан Евроази ч бус, Америк, Япон гэх мэт бүх зах зээлийг нээх ёстой. Үүн дээр хатуу байр суурьтай байна. Хамгийн гол нь зах зээлээ нээж байж Монгол Улс бэлэн болно гэхээс бэлэн болчихоод зах зээлээ нээнэ гэж хаана ч байхгүй. Зах зээлээ нээж хөрөнгө оруулалтууд нь явах учраас зах зээлээ нээж байж бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сэдэл нь төрнө. Энэ нь ч судалгаагаар харагдаж байна. Богино хугацаанд үр дүн гарахгүй байж болно. Хамгийн чухал зүйл нь яг үнэндээ Монгол Улс энэ хэлэлцээрээс үр дүнтэй байх эсэх нь Евразиас биш, ОХУ-аас биш, Казакстанаас биш бид нараас шалтгаална. Жишээ нь, зарим жижиг улсууд Евразийн хэлэлцээрт ороод алдсан гэж яригдаж байгаа. Тэд бол тарифаас бус, Евразиас бус өөрсдийнх нь бизнесийн орчин байхгүйгээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдөө гэрийн даалгавраа хийж чадахгүй байна. Миний асуулт бол манай улс дотоодод бизнес эрхлэх таатай орчин байна уу, татварын бодлого ямар байна, бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байна, хууль эрхзүйн орчин ямар байна гэдгээс шалтгаалах юм.
Б.НАЙДАЛАА: БИЗНЕС ЭРХЛЭХ ОРЧНЫГ ТААТАЙ БОЛГОЖ ЧАДВАЛ ЕВРАЗИЙН ХЭЛЭЛЦЭЭРЭЭС ҮР ДҮН ГАРНА
Эдийн засаг хөгжлийн сайд Н.Гантөмөр: Бизнес эрхлэх бололцоог арилгах бүрэн хэмжээний төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. Үүн дээр санал нэг байна. Экспортод гаргах тал дээр төр засгаас дэмжлэг хэрэгтэй гэж харж байна. Тийм болохоор Хөгжлийн банкийг “Экзим” банк болгоод тодорхой экспортлогчдыг хөрөнгө оруулалтаар дэмжээд явна. Гуравдугаарт бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, ложистик дээр зохицуулалт шаардлагатай байна. Өмнө нь Япон улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрт алдаа гаргасан үе бий.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Асуудалд хэлэлцээрээс хамаарах юм шиг, Оросоос, Японоос, Казакстанаас хамаарах юм шиг хандаж маргалдаад байна. Гэтэл бараа үйлдвэрлээд экспортлох Улаанбаатарт зарах, Японд зарах адилхан. Хамгийн гол нь бизнес хийх, худалдаа хийх орчин нөхцөл таагүй байгаа юм. Бизнес эрхлэх орчныг таатай болгож чадвал энэ хэлэлцээрээс үр дүн гарна.