УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа юм. Ингэснээр Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. УИХ-аас дээрх төслийг баталснаар зээлдэгчийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжтой болсноор банкууд эрсдлээ тооцох бүрэн боломжтой болохын зэрэгцээ сайн түүхтэй зээлдэгч илүү хурдан шуурхай зээл авдаг боомжтой болно. Нөгөө талдаа зээлийн хүү буурах сайн талтай гэж үзэж буй. Мөн зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана.
Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг 10 хувиар бууруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай нөхцөлүүд бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзэж буй.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж: -Зээлийн хар жагсаалтын хугацааг бууруулах талд яагаад хөдөлгөж чадахгүй байгаа юм болоо. Нэг удаагийн утасны төлбөрөө төлөөгүй байж болно. Гэтэл банкны хар жагсаалтад зургаан жилээр оруулдаг нь ямар учиртай юм бэ. Хэдэн тэрбумын зээлийг бол ойлгож байн. Иргэдийн бага дүнтэй авдаг зээлийн муу зээлийн түүхийг 2-3 жил болгож бууруулж болохгүй юу. Аппликейшний зээл шуурхай гардаг тул иргэд авч, өрөнд орж байна. Хялбар аргаар зээл аваад өрийн сүлжээнд орж байгаа асуудал энэ хууль батлагдсанаар хязгаарлагдах уу. Тэтгэврийн зээл дээр Монголбанк юу хийчих вэ. Настан буурлуудын тэтгэврийн зээл авах нөхцөл шаардлага өндөрсөж… Өр, орлогын харьцаа нь 30:70 хувь байсныг 50:50 хувь болгосон байна. Яагаад ийм шийдвэр гаргав. Анх зээл авч байгаа иргэнийг муу зээлдэгч гэдэг үнэлэмж хэвээрээ юу. Теллерийн алдаанаас болоод нэг төгрөгийн зээл үүсээд муу зээлдэгч болж байсан алдааг энэхүү хуулиар хаасан уу.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: -Зургаан жилийн хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно. Зарчмын зөрүүтэй саналаар таван жил болгож, бууруулж байгаа. Тухайн хүнийг тодорхойлдог датаг хамгаалах зорилготой. Хувийн хэвшил нь өөрөө анализ хийгээд онооны системээр үнэлнэ. Онооны систем рүү орсноор анх удаа зээл авдаг ялангуяа эмэгтэйчүүдийн тоо өссөн байдаг. Жишээ татвал, 2005-2006 онд Энэтхэг улс Зээлийн мэдээллийн тухай хуулиа өөрчилж, онооны систем рүү шилжсэнээр 119 сая шинэ зээлдэгч бий болсон. Латин Америкт мөн адил оноооны системд шилжсэнээр анх удаа санхүүгийн харилцаанд оролцогчийн тоо 31.7 хувиар нэмэгдсэн. Нийт Онооны системд орсноор чанаргүй зээлийн эрдсэл буурсан. Чанаргүй зээлийн хэмжэ. 1,9 хувиар буурсан. Онооны систем рүү орсноор оноо нь өсөөд буураад явахаар зэрэг аппликейшнийн зээл авдаг байдал буурна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: -Зээлийн мэдээллийн түүх гэдэг дан ганц муу зээлийн түүх биш, сайн зээлийн түүх ч явж байгаа. Тухайн санхүүгийн хэрэглэгч гэрээний үүргээр хүлээсэн үүргээ хэдэн жил тухайн санд хадгалуулах вэ гэдэг зохицуулалт. Хэрэв зээлийн түүхийг гурван жил болгох юм бол өнөөдөр 2025 оны тавдугаар сарын 25-н. 2022 оны дөрөвдүгээр сарын 25-наас өмнөх зээлийн мэдээлэл харагдахгүй болно. Зээлийн оноо тооцоход сүүлийн 3 жил зээл аваагүй хүн байх юм бол оноо нь яаж тооцогдох нь тодорхойгүй болно. Тэгэхээр зээлийн оноо бодож байгаа аргачлал урт хугацааны дата дээр үндэслэх тусам илүү бодитой тогтоогдоно гэж үзэж байгаа. Таван жил дэлхийн дунджаас бага байгаа. Гэхдээ бид одоогийн хуульд байгаа зургаан жилийг таван жил болгосон. Тэтгэврийн зээлийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт оруулж, 50 хувь болгосон. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Ахмадууд зээл төлөөд үлдэж байгаа орлого нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаа учраас зээлийн дарамтыг бууруулах зохицуулалт хийж өгөөч” гэх хүсэлт тавьсны дагуу шийдвэрлэсэн.