Өнөөдөр /2025.04.26/ Ватиканы Ариун Петрийн талбайд болсон Пап Францисыг оршуулах ёслолд дэлхийн олон орны удирдагчид оролцож байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Их Британийн ханхүү Уильям зэрэг дэлхийн 130 гаруй улс орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд нийт 200,000 гаруй хүн цугларсан байна.
Мөн тус ёслолд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Ромд хүрэлцэн ирж, Пап Францисын шарилд хүндэтгэл үзүүлсэн байна. Харин В.Зеленскийг оршуулгын ёслолд оролцох үеэр түүнийг олны алга ташилтаар угтжээ. Мөн энэ үеэр В.Зеленский, Д.Трамп нар богино хугацаанд уулзалт хийсэн нь тэдний өнгөрөгч хоёрдугаар сар /2025.02/-д Цагаан ордонд болсон хурцадмал уулзалтаас хойших анхны нүүр тулсан уулзалт болжээ.
Тэгвэл оршуулах ёслолыг Кардинал Жованни Баттиста Ре удирдан явуулж, Пап Францисыг эгэл даруу, энэрэнгүй, нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч хэмээн дурсан хүндэтгэл үзүүлсэн байна. Оршуулгын дараа Пап Францисын шарилыг түүний хүсэлтийн дагуу Ромын Санта Мария Мажоре сүмд энгийн модон авсанд нутаглуулсан нь сүүлийн зуун жилийн Ватиканы түүхэнд гадна оршуулсан анхны тохиолдол болж байгаа ажээ.
Эх сурвалж: AP News