Өнөөдөр нутгийн зарим газраар, маргааш нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +21…+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.