Канадын Холбооны сонгуулийн үр дүнгээр Ерөнхий сайд Марк Карнигийн тэргүүлдэг Либерал нам парламентын Нийтийн танхимд хангалттай суудал авч, засгийн газраа байгуулах болзлоо хангасан гэж CBC болон CTV News мэдээллээ.
Энэ удаагийн сонгуулийн гол асуудлуудын нэг нь АНУ-тай харилцах харилцаа байсан юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Канадтай худалдааны дайн өдөөж, Канадыг өөртөө нэгтгэх талаар сүрдүүлсэн нь Канадын сонгогчдын дургүйцлийг ихээхэн хүргэсэн гэж AFP агентлаг тэмдэглэжээ. Марк Карни гуравдугаар сар /2025.03/-д Жастин Трюдогийн оронд Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд сонгуулийн кампанит ажлынхаа гол цөмийг АНУ-аас хараат байдлаа бууруулах, олон улсын худалдаагаа өргөжүүлэх амлалтад төвлөрүүлсэн юм. Өдгөө 60 настай М.Карни хөрөнгө оруулалтын банкир мэргэжилтэй бөгөөд Канад болон Их Британийн Төв банкуудыг удирдаж байсан туршлагатай нэгэн юм.
Эх сурвалж: BBC