Энэ бямба гарагт эмэгтэй моточдын IFRD өдөрлөг болно

Энэ бямба гарагт эмэгтэй моточдын IFRD өдөрлөг болно

Олон улсын эмэгтэй Мотоциклчдын өдрийг тохиолдуулан монголоос Lady riders, Hunnu Women riders, Egshu Mongolia зэрэг эмэгтэй моточдын клубууд хамтран 05 дугаар сарын 03-ны өдөр IFRD өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Дашрамд сонирхуулахад жил бүрийн  тавдугаар сарын эхний бямба гарагт дэлхий даяар Олон улсын эмэгтэй Мотоциклчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд 19 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж буй.

Тэгвэл жил бүрийн энэ өдөр дэлхий даяар 120 гаруй орны эмэгтэй моточид “Just ride” уриатайгаар нэгэн зэрэг мотоциклио унаж, эрч хүч, эрх чөлөөг мэдрэн давхидаг байна.

IFRD хөдөлгөөний гол зорилго нь мотоцикль унадаг эмэгтэйчүүдийг дэмжих, хамтдаа нэгдэх, хамтрах боломжийг олгох, тэгш оролцоог хангах болон салбарт амжилт үзүүлсэн бүсгүйчүүдийн ололт, амжилтыг алдаршуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд мото спортоор хичээллэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, оролцоо нь нэмэгдсээр байна. Манай улс хоёр дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр IFRD арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэй төмөр хүлэгтнүүдийг нэгтгэж, мотоцикл, мотоспорт, экстрим спортын гайхамшгийг хамтдаа тэмдэглэх онцгой өдрийг ийнхүү зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бид “эмэгтэй” гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, эрч хүчтэй, зоригтой, эрэмгий МОНГОЛ ЭМЭГТЭЙГ онцлон гаргаж, илэрхийлэхийг зорьсон хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.  

Ирэх бямба гараг буюу тавдугаар сарын 03-ны өдөр “Just Ride” буюу “Зүгээр л Уна” уриан дор нэгдэж, шулуун ч бай, бартаатай ч бай, уралдаантай ч бай — зам бүр рүү зоригтойгоор гарья хэмээн эмэгтэй моточдоо уриалж байгаа аж. Хэрэв уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл Egshu Mongolia хаяг руу хандаарай.