Өнөөдөр /2025.05.12/ нийслэл хот орчмоор өдөртөө үүлшиж бага зэргийн бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Тэгвэл яг одоо нийслэл Улаанбаатар хотод анхны бороо орж байна. Мөн нутгийн ихэнх хэсгээр буюу Завхан, Увс, Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт бороо орж байна.
-ТАВДУГААР САРЫН 13-17-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ-
Тэгвэл маргааш буюу тавдугаар сарын 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи 13,15-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.