ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2025.05.15/ Туркийн Истанбул хотод болох Орос, Украины энхийн хэлэлцээрт оролцохгүй байхаар шийдвэрлэсэн талаар Кремль мэдэгджээ. Энэ шийдвэр нь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн В.Путинтай нүүр тулсан, шууд уулзалт хийх уриалгыг үл тоомсорлосон үйлдэл болж байгаа ажээ.
Тодруулбал, Кремлийн мэдээлснээр, "Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн зөвлөх В.Мединский, Батлан хамгаалахын орлогч сайд А.Фомин нар ахлах бөгөөд Ерөнхийлөгч В.Путин өөрөө оролцохгүй" гэжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский зөвхөн В.Путинтай шууд уулзалт хийхийг шаардсан бөгөөд Оросын бусад албан тушаалтантай хэлэлцээр хийхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү хэлэлцээрт мөн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь В.Путин хэлэлцээрт оролцвол Д.Трамп оролцох боломжтой гэдгээ мэдэгдээд байсан юм. Өнөөдөр Истанбул хотод болох энэхүү хэлэлцээр нь Орос-Украины дайныг зогсоох олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтуудын нэг хэсэг бөгөөд Турк улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Гэсэн хэдий ч, В.Путин болон Д.Трамп нарын оролцохгүй байх шийдвэр нь хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүйг ажиглагчид онцолжээ.
Эх сурвалж: BBC