СУРВАЛЖИЛГА: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Айцын аманд тарьсан модны ихэнх нь ургаагүй байна

СУРВАЛЖИЛГА: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Айцын аманд тарьсан модны ихэнх нь ургаагүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, НҮБ-ын индер дээрээс амлалт өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монгол орон даяар маш олон байршилд мод тарьж ургуулсан бөгөөд нийслэлд ч олон байршилд, олон албан байгууллага, иргэд модны үрсэлгээг суулгасан. Гэвч үүнээс өнөөдөр ургаж, цэцэглэсэн нь тун цөөхөн байгаа талаар иргэд шүүмжилж буй. Иймд бид Хан-Уул дүүргийн газар нутаг Айцын ам гэх газрыг зорьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан мод хэр ургац сайтай, усалгаатай байгаа талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

-“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨН, “ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АЙЦЫН АМАНД ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨӨС МОД ТАРЬЖ ЭХЭЛЖЭЭ-

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлдээ нийцүүлэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн”,  “Цахим Монгол” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй.

Түүнчлэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна  хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Өнгөрсөн хаврын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 42 сая мод тариад байна гэсэн мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас өгсөн байдаг. Харин бидний сурвалжилсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх Айцын аманд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 2022 оны хаврын мод тарилтаас эхлэн Айцын амны 100га талбайг ойжуулах ажлыг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар уг талбайн дийлэнх хэсэгт мод тарьсан боловч ургаж байгаа нь цөөхөн харагдаж байна.

-УСАЛГААНЫ СИСТЕМ САЙН ХИЙСЭН Ч МОДДЫН ИХЭНХ НЬ УРГААГҮЙ БАЙНА-

Уг байршилд усалгааны системийг сайн хийж өгсөн нь харагдаж байлаа. Мөн биднийг очихоос хоёр хоногийн өмнө Хан-Уул дүүргийн ажилтнууд уг байршил дахь моддыг усалсан байх боловч моддыг ихэнх нь ургаагүй, ургах боломжгүй болжээ. Айцын аманд 2022 оноос хойш мод тарьж эхэлсэн бөгөөд нийт гурван жил мод тарьсан байна. Мөн уг байршлыг хашаалсан байх бөгөөд биднийг очиход харж, хамгаалдаг хүн байсангүй.

Ойн мэргэжилтнүүд модыг хүүхэд шигээ хайрлаж, хамгаалж байж ургадаг зүйл гэдгийг хэлдэг.

Гэвч албан байгууллага, иргэд энэ мэт модоо эргэж тойрдоггүйн улмаас модод ургахаасаа ургахгүй нь их байна. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд албан байгууллагуудад мод тарих тоо заасан байдаг. Иймд албан байгууллагууд энэ тоо, нормоо биелүүлэх нэр төдий ажил хийж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Иймд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд албан байгууллагууд нэр төдий мод тарихаас илүүтэй ургахад нь анхаарч, арчилж, тордож байгаасай гэсэн үүднээс энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.