ФОТО: Хойд солонгосын цөмийн зэвсэг зөөгч хөлөг онгоц осолдож, брезентээр бүтээснийг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ

ФОТО: Хойд солонгосын цөмийн зэвсэг зөөгч хөлөг онгоц осолдож, брезентээр бүтээснийг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ

Хойд солонгосын шинээр бүтээсэн 5000 тонн жинтэй усан цэргийн "цөмийн зэвсэг зөөгч" хөлөг онгоц энэ долоо хоногт усанд тавих ёслолын ажиллагааныхаа үеэр хажуу тийшээ хазайн осолдож, хэсэгчлэн живсэн байдалтайгаар далайн эрэгт орхигджээ.

Энэ талаарх гэрэл зургийг Их Британид төвтэй судалгааны байгууллага болох "Open Source Centre" хиймэл дагуулын зургаар баталсан байна. Тус байгууллагын өчигдөр /2025.05.22/ авсан хиймэл дагуулын зургаа Twitter сүлжээнд хуудсандаа нийтэлжээ. Хиймэл дагуулын өндөр нягтаршилтай зургаас харахад хөлөг онгоц хажуу тийшээ хазайж, хэсэгчлэн усанд живсэн байгаа нь харагдах бөгөөд "ослыг нуух гэсэн оролдлого мэт хөх өнгөтэй брезентээр бүтээжээ" хэмээн мэдэгджээ.

Уг хөлөг онгоц нь Хойд солонгосын зүүн хойд хэсгийн Чонжин хотын хөлөг онгоцны үйлдвэрт байрлаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд усанд тавих үеэр осолджээ.

Цөмийн зэвсэг зөөгч хөлөг онгоцыг усанд тавих ёслолд Хойд солонгосын удирдагч Ким Жон Ун биечлэн оролцсон бөгөөд ослыг “тэвчиж болшгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл” хэмээн шүүмжилсэн байна. Харин Өмнөд солонгосын цэргийн эх сурвалжуудын мэдээлснээр, Хойд солонгос нь “хажуу талаас хөөргөх” технологийг ашиглах гэж оролдсон ч амжилтгүй болсон бөгөөд хөлөг онгоц одоог хүртэл хэсэгчлэн живсэн байдалтай байна гэжээ. 

Эх сурвалж: Yonhap