АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Оросын удирдагч В.Путиныг Украины эсрэг хамгийн том агаарын дайралтыг өнгөрөгч шөнө /2025.05.25/ явуулсанд нь “үнэхээр галзуурсан” хэмээн шүүмжилжээ. Энэхүү агаарын дайралтаар Украины 30 гаруй хот, суурин газруудыг онилж 367 пуужин, дроныг ашигласан бөгөөд дор хаяж 12 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдаад байна.
Д.Трамп сүүлийн үед В.Путиныг шүүмжилж эхэлсэн бөгөөд энэ удаагийн агаарын дайралтын дараа “Би В.Путинтай урьд нь сайн харилцаатай байсан, гэхдээ одоо түүнд юу тохиолдсон юм бол? Тэр үнэхээр галзуурсан байна” хэмээн мэдэгджээ .
Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг шүүмжилж, түүний мэдэгдлүүд энхийн хэлэлцээрт саад болж байгааг онцолжээ. Д.Трамп “Энэ бол В.Зеленский, В.Путин, Жо Байден нарын дайн, минийх биш” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Д.Трамп Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар анхааруулсан ч одоогоор тодорхой шийдвэр гаргаагүй байна. Украины тал олон улсын хамтын нийгэмлэгийг Оросын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг уриалж байгаа бөгөөд В.Зеленский “Оросын удирдлагад хүчтэй дарамт үзүүлэхгүй бол энэ хэрцгийлэл зогсохгүй” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC