Энэтхэгийн Керала мужийн эрэг орчимд өнөөдөр /2025.05.26/ Либери улсын далбаатай ачаа тээврийн хөлөг онгоц живж, шатамхай болон химийн бодистой ачаа далайд алдагдсаны улмаас орон нутгийн удирдлагууд бүс нутагт онц байдал зарлажээ.
Тус хөлөг онгоц нийт 640 чингэлэг тээвэрлэж явсан бөгөөд эдгээрийн 13-д нь аюултай хорт бодис байгаа аж. Ялангуяа кальцийн карбид гэх бодисыг агуулсан 12 чингэлэг далайн усанд унасан нь агаар болон усаар дамжин шатамхай ацетилен хий үүсгэх эрсдэлийг бий болгоод байгаа ажээ. Үүнээс гадна хөлөг онгоцонд 84 тонн дизель түлш, 367 тонн шатах тослох материал хөлөг дээр байгаа гэж холбогдох албаны хүмүүс мэдээлсэн байна.
Живсэн хөлөг онгоц Энэтхэгийн Керала мужийн эргээс 60 км-ийн зайд далайд осолдсон бөгөөд ойролцоогоор 100 чингэлэг далайн усанд унаад байгаа аж. Харин одоогоор хэд хэдэн чингэлэг эрэгт хөвж ирээд байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг тэдгээрт хүрэхгүй, 200 метрийн дотор ойртохгүй байхыг анхааруулжээ.
Харин Энэтхэгийн эргийн хамгаалалтын алба, Тэнгисийн цэргийн хүчин болон байгаль орчны байгууллагууд хамтарч хөлөг онгоцны тос алдалтыг хязгаарлах, усан орчныг цэвэрлэх ажлыг яаралтай эхлүүлсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар, уг осол нь зөвхөн байгаль орчинд төдийгүй Кералагийн аялал жуулчлал, загас агнуурын салбарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна. Учир нь тус мужийн эрэг орчмын бүс нутгууд нь биологийн олон янз байдалтай, эмзэг экосистемтэй гэдгээрээ онцлог ажээ.
Эх сурвалж: BBC