Д.Трампын тусгай элч К.Келлог “Яаралтай галаа зогсоо” гэж ОХУ-аас шаарджээ

Д.Трампын тусгай элч К.Келлог “Яаралтай галаа зогсоо” гэж ОХУ-аас шаарджээ

АНУ-ын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог ОХУ-ын Ерөнхийлөгч асан, одоогийн Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Д.Медведевийн дэлхийн гуравдугаар дайны тухай хийсэн мэдэгдлийг “бодлогогүй, харамсалтай” хэмээн дүгнэжээ.

Тодруулбал, Д.Медведев олон нийтийн сүлжээнд Д.Трампын “В.Путин галаар тоглож байна” гэх мэдэгдэлд хариу өгч, “Би ганц л үнэхээр муу зүйлийг мэднэ. Дэлхийн 3-р дайн. Д.Трамп үүнийг ойлгож байгаа гэж найдаж байна” хэмээн бичсэн юм.

Үүний хариуд Кит Келлог твиттертээ, “Дэлхийн 3-р дайны айдастай тулгарах нь Д.Медведевийн харамсалтай, бодлогогүй, дэлхийн хүчирхэг гүрэнд тохирохгүй тайлбар юм. Ерөнхийлөгч Д.Трамп энэ дайныг зогсоож, хүн амины хэргийг таслан зогсоохоор ажиллаж байна. Бид долоо хоногийн өмнө таны амласан санамж бичгийг хүлээж байна” хэмээн бичжээ. Мөн тэрээр “Яаралтай галаа зогсоо” гэж нэмж хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Кит Келлог Fox News сувагт өгсөн ярилцлагадаа, АНУ Украины талаас ирүүлсэн тохиролцооны саналыг хүлээн авч, одоо ОХУ-ын талын баримт бичгийг хүлээж буйгаа мэдэгдсэн юм. Уг санамж бичгийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 19 /2025.05.19/-нд Д.Трамптай утсаар ярьсны дараа дурдсан гэж үзэж байгаа. Москва уг баримт бичгийг бэлтгэх шатандаа яваа хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC