БНХАУ-аас гаралтай шинэ COVID-19 хувилбар АНУ-д тархаж, Нью-Йорк зэрэг мужид өвчлөл нэмэгдэж байна гэж мэдээлжээ

БНХАУ-аас гаралтай шинэ COVID-19 хувилбар АНУ-д тархаж, Нью-Йорк зэрэг мужид өвчлөл нэмэгдэж байна гэж мэдээлжээ

АНУ-ын Нью-Йорк мужид БНХАУ-аас гаралтай шинэ төрлийн COVID-19 вирусийн NB.1.81 хувилбар илэрч, өвчлөл, ялангуяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрчимтэй өсч байгааг New York Post мэдээлжээ.

Шинэ хувилбар анх гуравдугаар сарын сүүлээр АНУ-д ирсэн олон улсын зорчигчдоос илэрч байсан бөгөөд өдгөө хэд хэдэн мужид бүртгэгдэж эхэлжээ. Тус вирус БНХАУ-ын дотоодод хурдтай тархаж байгаа бөгөөд Хятадын эмнэлгийн түргэн тусламжийн тасгуудын ачаалал нэмэгдсэн байна. Мөн Хонконгт өндөр настнуудын дунд хүнд хэлбэрийн тохиолдол болон нас баралт нэмэгдэж байгаа талаар New York Post мэдээлжээ. 

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар COVID-19 вирусийн NB.1.81 хувилбар нь өмнөх хувилбаруудаас илүү хурдан тархах боломжтой бөгөөд дархлааны хамгаалалт багатай, өндөр настнууд болон хавсарсан өвчтэй хүмүүст илүү аюултай байж болзошгүйг анхааруулжээ.

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв энэхүү хувилбарын генетик бүтцийг судалж, тархалтын загвар, хүндрэлийн түвшнийг тодорхойлох ажилд орсон бөгөөд иргэдийг сэрэмжтэй байхыг уриалжээ. Нью-Йоркийн эрүүл мэндийн байгууллагууд халдварын хяналт, шинжилгээгээ эрчимжүүлж, ахмад настнууд, эрсдэлт бүлгийн иргэдийг хамгаалах арга хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна гэжээ. 

Эх сурвалж: New York Post