БНСУ-ын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус сонгуулийн санал хураалт өнөөдөр /2025.06.03/ улс орон даяар болж байна.
Сонирхуулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч асан Юн Сок Ёолыг цэргийн дэглэм тогтоох гэнэтийн шийдвэр гаргасны улмаас огцруулах шийдвэр гарсан юм. Улмаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён, Ардын хүч намаас Ким Мүн Сү нарын хооронд гол өрсөлдөөн өрнөж байна.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өглөөний 10 цагийн байдлаар 21 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 13.5 хувьтай байгаа аж. Үндэсний сонгуулийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр, өнөөдөр (3-ны өдөр) өглөөний 6 цагт эхэлсэн сонгууль эхний 4 цагийн хугацаанд сонгуулийн насны 44,391,871 сонгогчийн 6,003,187 нь санал өгсөн байна. Энэ үзүүлэлт нь 2022 оны Ерөнхийлөгчийн 20 дахь удаагийн сонгуулийн ирцээс 1.7% (11.8%), өнгөрсөн оны 22 дахь удаагийн сонгуулийн ирцээс (10.4%) 3.1%-иар илүү байгаа аж. Улмаар Өнөө шөнө сонгуулийн урьдчилсан дүн гарч БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчийн нэр тодрох юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.