БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон И Жэ Мён өнөөдөр /2025.06.05/ анхны сайд нарын хурлаа удирдан явуулж, ард түмний төлөө тууштай ажиллахыг бүх гишүүддээ уриалжээ.
Тэрбээр "Бид бүгд ард түмний даалгаврыг гүйцэтгэж байгаа төрийн төлөөлөгчид. Олон зүйл эвгүй санагдаж байж магадгүй ч та бүхэн албан тушаалд байгаа л бол нийтэд төвлөрч, хамгийн сайнаараа ажиллах үүрэгтэй" гэдгийг тодотгосон байна. Мөн И Жэ Мён "Улс орны тогтворгүй байдлыг хурдан хэвэнд нь оруулах, ард иргэдийн амьдралыг богино хугацаанд сайжруулах зорилготой байгаа"-гаа илэрхийлжээ.
Уг хуралд өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёлын танхимын гишүүд болох Боловсролын сайд, Шадар сайд Ли Жү Хо Гадаад хэргийн сайд Чо Тэ Юл Шинжлэх ухааны дэд сайд Ю Сан Им зэрэг хүмүүс оролцжээ. Харин Ерөнхийлөгч И Жэ Мёны талаас Тамгын газрын дарга Канг Хүн Шик, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лак нар оролцсон байна.