Ус зүйн олон улсын хөтөлбөрийн 50 жилийн ой, Усны шинжлэх ухааны 60 жилийн ойд холбогдох мэргэжилтнүүд оролцож байна

Ус зүйн олон улсын хөтөлбөрийн 50 жилийн ой, Усны шинжлэх ухааны 60 жилийн ойд холбогдох мэргэжилтнүүд оролцож байна

Өнөөдөр /2025.06.12/ ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын усны шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд Ус зүйн олон улсын хөтөлбөрийн 50 жилийн ой, Усны шинжлэх ухааны 60 жилийн ойд зориулсан Усны Дээд Хэмжээний Чуулга Уулзалт зохион байгуулагдаж байна.
 
Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын усны чиглэлийн эрдэмтэн судлаачид, төр, засгийн төлөөлөгчид, түншлэгч байгууллагуудын 500 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд дэлхий даяарх 29 усны төв, 93 тэнхим, 170 гаруй үндэсний хороог нэгтгэсэн “ЮНЕСКО-ийн Усны гэр бүл” энэхүү чуулга уулзалтад оролцож байна. Монгол Улсаас уг чуулга уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын усны нөөцийн зөвлөлийн дарга Ц.Уртнасан, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг - Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга Х.Мягмаржав нар болон албаны бусад хүмүүс оролцож байна.
 
Чуулга уулзалтын хүрээнд Ус зүйн олон улсын хөтөлбөрийн түүхэн ололт амжилтыг эргэн дүгнэн хэлэлцэж, "Амьдрал, сайн сайхан байдал, энх тайвны төлөөх усны шинжлэх ухаан, усны ирээдүй" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ирээдүйн 50 жилийн усны талаарх алсын хараа, стратеги, шинэчлэлийн чиг хандлага, хамтын ажиллагааны бодлогын хөтөлбөрүүдийн бодлогыг тодорхойлох юм. Монгол Улс ЮНЕСКО-ийн бүрэн эрхт гишүүний хувьд дэлхий нийтийн өмнө тулгарсан уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, усны чанар, аюулгүй байдлын сорилтуудыг даван туулах бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байх байр сууриа нотолж, хамтран ажиллах эрмэлзлэлээ илэрхийлэв.
 
-УСНЫ ШИНЖЛЭХ УХААНЫГ 60 ЖИЛ ТЭРГҮЛСЭН ЮНЕСКО-
 
1965 оноос хойш ЮНЕСКО нь дэлхийн улс орнуудын хооронд шинжлэх ухаанд суурилсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, усыг судлах, удирдах, хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. 1975 онд эхлүүлсэн Ус зүйн олон улсын хөтөлбөр нь усны нөөцийн олон талт асуудлуудыг хамтран шийдвэрлэх шинжлэх ухааны хөтөлбөрийн загвар болон хөгжиж ирсэн.
Монгол Улс ЮНЕСКО-ийн усны талаарх аливаа санаачлага, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, тулгамдсан сорилтуудыг даван туулах чадамжаа нэмэгдүүлэхэд илүү их чармайлт гаргах шаардлагатай байна.