Маргаашаас ихэнх нутгаар халах боловч, Мягмар, Лхагва гарагт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Маргаашаас ихэнх нутгаар халах боловч, Мягмар, Лхагва гарагт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Өнөөдөр /2025.06.15/ Сүхбаатарын нутгаар ахиухан хэмжээний бороо орохыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын бэлчир, Дарьгангын тал нутгаар, энэ сарын 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 18-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 16-нд нийт нутгаар халах боловч энэ сарын 17, 18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17...+22 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө +7..+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.