ШУУРХАЙ: Н.Учралыг Тэргүүн Шадар сайдаар, ЗГХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг, ССАЖЗ-ын сайдаар Ч.Ундрамыг, АҮЭБ-ийн сайдаар Г.Дамдиннямыг томилохоор болжээ

ШУУРХАЙ: Н.Учралыг Тэргүүн Шадар сайдаар, ЗГХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг, ССАЖЗ-ын сайдаар Ч.Ундрамыг, АҮЭБ-ийн сайдаар Г.Дамдиннямыг томилохоор болжээ

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд дөнгөж сая /2025.06.17/ хуралдаж дууслаа. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "УИХ-д суудалтай намуудаас Ардчилсан намаас бусадтай нь хамтран Засгийн газраа байгуулах мөн Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг шинэ танхимын сайдаар томилуулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, хэвээр нь УИХ-д өргөн барина. Харин 2025 оны төсвийн тодотголыг өргөн барих хүрээнд Үндэсний хороодыг удирдаж байгаа сайд нарыг хасахаар шийдвэрлэсэн" гэсэн юм. 

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эвсэлд нэг суудал буюу Н.Номтойбаярыг Шадар сайдаар, ХҮН намд хоёр суудал буюу Т.Доржхандыг одоогийн ажиллаж буй Шадар сайдад нь хэвээр үлдээж нэмээд ХҮН намын ЕНБД П.Ганзоригийг Боловсролын сайдаар, ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллуулахаар тохирсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингээд 16 яам, өөрийгөө оролцуулаад 20 сайдтай ажиллахаар байгаа юм. 20 сайдын дөрвийг ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс сонгоод үлдсэн 16 сайдын 40 хувийг хуучин сайд нараасаа бүрдүүлжээ. Харин үлдсэн 60 хувьд хоёр сонгогдсон залуу гишүүдээс сонгож байгаа юм. 

Тодруулбал, үлдсэн 60 хувь дээр томилогдож буй шинэ сайд нар нь 

  • Батлан хамгаалахын сайдаар Д.Батлутыг 
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгаланг 
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Ундрамыг 
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдиннямыг 
  • Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакирыг
  • Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатарыг
  • Боловсролын сайдаар П.Ганзоригийг
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Э.Батшугарыг
  • Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэнг тус, тус томилохоор болжээ. 

Харин хуучин сайд нараас 

  • ЗГХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг 
  • Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэгийг
  • Тэргүүн Шадар сайдаар Н.Учралыг 
  • Сангийн сайдаар Б.Жавхланг 
  • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэнг 
  • Зам, тээвэр хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайханг 
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр нарыг тус, тус үлдээж байгаа аж.