"Катарын зуучлалаар Иран гал зогсоохыг зөвшөөрсөн" гэж BBC агентлаг мэдээлжээ

"Катарын зуучлалаар Иран гал зогсоохыг зөвшөөрсөн" гэж BBC агентлаг мэдээлжээ

Израиль, Ираны хооронд 12 хоног үргэлжилсэн хурц мөргөлдөөнийг зогсоох асуудалд Катарын гүйцэтгэсэн зуучлал чухал үүрэг гүйцэтгэсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, "Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани АНУ-ын гал зогсоох саналыг Иран зөвшөөрсөн тухайг баталгаажуулсан. Энэ яриа Иран Катар дахь АНУ-ын Аль Удейд агаарын баазад цохилт өгсний дараа хийгдсэн" гэжээ.

Бусад эх сурвалжуудын хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Катарын Эмирт хандан Израилийг гал зогсоход зөвшөөрүүлэх, мөн Тегераны удирдлагыг ятгахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Үүний үр дүнд Иран тал Катарын зуучлалаар эвлэрэх шийдвэрт хүрсэн гэж мэдээлжээ.

Ираны тал АНУ-д халдлага хийхгүй гэсэн мессежийг Цагаан ордонд дамжуулсан бол Вашингтон хариуд нь Иран руу цэргийн хариу өгөхгүй гэдгээ илэрхийлж, дипломат шугамаар хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

"Үүний дараа нь гал зогсоох нөхцөл, хэзээнээс эхлэх талаар АНУ, Израиль, Иран, Катарын хооронд шууд болон шууд бус хэлэлцээ үргэлжилсэн” гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social платформд мэдэгдэхдээ, “Иран мягмар гарагийн өглөө эвлэрэлд зөвшөөрч, Израиль 12 цагийн турш гал зогсоохыг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр 12 өдрийн дайн мягмар гарагийн орой албан ёсоор дуусна” гэсэн юм. Энэ үйл явдал нь Ойрхи Дорнодын нөхцөл байдалд эерэг эргэлт авчирч, бүс нутгийн тогтворгүй байдлыг намжаах, ирээдүйн дипломат харилцаанд шинэ хуудас нээх боломжийг бүрдүүлж магадгүй хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC